ҮЦҮНОМИЯ, 2026 оны зургаадугаар сарын 9 /Reuters/. Японы Үцүномия хотод олон удаа харагдсан хар баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хотын харьяа 94 бага, дунд сургуулийг хоёр дахь өдрөө дараалан хаагаад байна.
Хотын захиргааны мэдээлснээр, 100 орчим кг жинтэй, нас бие гүйцсэн уг баавгай хамгийн сүүлд өнөө өглөө эрт их сургуулийн хотхоноос 700 орчим метрийн зайд үзэгдсэн байна. Токио хотоос хойд зүгт 100 орчим км зайд орших Үцүномия хотод бямба гаргийн орой баавгай анх үзэгдсэн нь дээрх баавгай мөн гэж таамаглаж байгаа аж.
Японд баавгай хүн рүү дайрах тохиолдол хот суурин газарт ихсэж байгаа тул Засгийн газраас хүний амь эрсдэх явдлыг бууруулах зорилгоор энэ онд тусгай ажлын хэсэг байгуулсан байна. Тус улсын Байгаль орчны яамны мэдээлснээр, 2025 оны санхүүгийн жилд 238 хүн баавгайн дайралтад өртөж, 13 хүн амиа алдсан нь урьд өмнө бүртгэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Азийн хар баавгай нь дэлхийн хэмжээнд ховордож буй амьтанд тооцогддог хэдий ч ан агнуур багассантай холбоотойгоор 2012 оноос хойш Японд тоо толгой нь гурав дахин өссөн байна.
Үцүномия хотын захиргааны төлөөлөгчийн хэлснээр, хот, мужийн захиргааны ажилтнууд, гал түймэртэй тэмцэх газар болон анчдын холбооны гишүүдээс бүрдсэн баг баавгайг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Баавгай хаанаас олдохоос шалтгаалан унтуулах, буудах эсвэл урхидаж бариад байгальд нь буцааж тавих эсэхийг шийднэ гэж тэрбээр дурджээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас царс, эвэр модны самар зэрэг баавгайн идэш тэжээл ховордсоны зэрэгцээ хөдөө орон нутгийн хүн ам цөөрч, эзэнгүй орхигдсон газар тариалангийн талбай олширсон нь баавгай хүн ам суурьшсан бүс нутаг руу хоол тэжээл хайж орж ирэх гол шалтгаан болж байна гэж шинжээчид тайлбарлаж байна.