Францад хэт халууны улмаас улбар шар өнгийн түгшүүр зарлажээ

ПАРИС, 2026 оны зургаадугаар сарын 21 /Anadolu/. Францад хэт халж байгаатай холбогдуулан 60 мужид улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Тус улсын цаг уурын “Meteo-France” агентлагийн мэдээлснээр, зарим бүс нутагт 41 хэм хүрч халж болзошгүй байгаа бөгөөд халуун цаг агаар ирэх долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну болон Засгийн газрын 14 сайд оролцсон яамд хоорондын хямралын шуурхай бүлэг хуралдаж, үйл ажиллагааны уялдаа холбоогоо эрчимжүүлж эхэлжээ.

Парис хотод хэт халууны сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, хотын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжуудыг 24 цагаар нээлттэй ажиллуулж байгаагаас гадна, зургаадугаар сарын 17-ноос Сен-Мартен сувгийн 100 метрийн урттай хэсэгт оршин суугчид оройн цагаар усанд орж сэрүүцэх зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Мөн сургуулиудад 1200 ширхэг сэнс суурилуулж, нийтийн усан бассейнуудын ажиллах цагийг 20:00 цаг хүртэл сунгахаар төлөвлөжээ. 

“Улбар шар өнгийн түгшүүр” гэдэг нь илүү сонор сэрэмжтэй байж, төрийн байгууллагуудын зөвлөмжийг дагах ёстой гэсэн үг юм. Өмнө нь 26 мужид ийм түвшний түгшүүр зарлаад байв.

Олон улсын “Oxfam France” буяны байгууллагын зургаадугаар сарын 18-ны өдөр нийтэлсэн тайланд дурдсанаар, Францад хэт халуун цаг агаарын улмаас жил бүр 5 мянга гаруй хүн нас бардаг байна.

Ташрамд сануулахад, Австралийн цаг уурын товчооноос Номхон далайн халуун орны бүсэд “Эль-Ниньо” үзэгдэл эхэлснийг  өмнө нь мэдээлжээ. Энэхүү үзэгдлийн улмаас тус улсад илүү халуун, хуурай болдог байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн