Конго улсын зүүн хэсэгт 171 цогцосыг бөөнд нь оршуулсан булш олджээ. Тухайн байршилд “M23” босогчдын бүлэг байрлаж байгаад саяхан ухарсан байна. Албаныхны олж тогтоосноор тэдгээр цогцос нь “M23” босогчдын бүлгийнхний гарт амиа алдсан хүмүүс бололтой. Нас барагсдыг Конго улсын арми эсвэл засгийн газрыг дэмжигч цэрэгт харьяалагддаг гэж сэжиглэж, улмаар амийг нь хөнөөсөн аж.
171 цогцосыг зүүн Увира хотын захад байрлах Киромони, Кавимвира тосгодод булсан байжээ. Өмнөд Киву мужийн захирагч Жеан Жаккис Пуруси “Бид хоёр булш олсон. Бурундигийн хилээс холгүй орших Киромони дахь булш нь 30 цогцостой, Кавимвира дахь булш нь 141 цогцостой байсан” гэв.
Бүс нутгийн идэвхтнүүдийн бүлэг тэдгээр булшийг очиж үзэхийг хүссэн боловч Конго улсын арми хүлээн зөвшөөрөөгүй.
“M23” босогчдын бүлэг нь Конго улсын зүүн хэсэгт байр сууриа эзлэхийн төлөө өрсөлдөж буй 100 гаруй зэвсэгт бүлэглэлийн хамгийн алдартай нь юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус бүлэглэл Увира хотын хяналтыг булаан авч, 1500 гаруй хүний аминд хүрч, 300,000 орчим хүнийг дүрвэхэд хүргэсэн байна. Катарын зуучлалаар Конгогийн арми болон “M23” хооронд гал зогсоохоор тохиролцсон ч одоо хэр нь байдал амар тайван болоогүй хэвээр.