Алба хаагчдыг сургах, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзан, онцгой байдлын алба хаагчдыг сургах, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд талууд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр улсыг ойртуулж, харилцаа, хамтын ажиллагаа улам батжин бэхжиж буйд талархалтай байгаагаа илэрхийлснийг Засгийн газрын ХМОНХГ мэдээлжээ.

Шадар сайд Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүс, стандартчилал, онцгой байдлын салбарт ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэйгээ онцолсон байна. Тухайлбал, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч байгаагаа тэмдэглэлээ. 

Элчин сайд Хельмут Кулитц хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг таатай, тодорхой болгох нь чухлыг дурдаад, бүсчилсэн хөгжлийн бодлогоор зам тээврийн холболтыг сайжруулах, онцгой байдлын салбарын алба хаагчдын сургалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн судалгаа, шинжилгээ хийхээ тодотгосон байна.

Талууд хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцааг 2024 онд шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн