Улаанцавын логистикийн төв экспорт, импортын эргэлтийг нэмэгдүүлжээ

Улаанцав, 2026 оны тавдугаар сарын 13 //. БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хот дахь Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв Монголын нутгаар дамжин Европ хүрэх төмөр замын тээврийг өргөжүүлэхэд чухал зангилаа болж байна.

Тус логистикийн төвийг 2016 оноос хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2024 оны 1 дүгээр сараас Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв болгон өргөжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Мөн төмөр зам, авто замын ачаа тээврийг нэгтгэн, үйлдвэрлэл, боловсруулалтын бүстэй цогц парк болгон хөгжүүлж байгаа юм. 

Тус төвөөр ӨМӨЗО-ы хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлохын зэрэгцээ Орос, Европоос уул уурхай, мод зэрэг түүхий эд импортлон боловсруулж, БНХАУ-ын дотоодын зах зээлд нийлүүлдэг байна. Хятад-Европын төмөр замын тээврээр жилд 1086 удаагийн галт тэрэгний цуваа явуулдаг аж. Хүнс, тоног төхөөрөмж, автомашин зэрэг барааг голлон тээвэрлэдэг байна. 

Тус төвийн Эдийн засгийн хөгжил хариуцсан Жон Дун Ён “Хойд Хятад болон Бээжингийн бүсийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Европ руу гаргах, Тяньжиний боомтын ачааг Хойд бүс нутаг, Монгол, Орос руу тээвэрлэх гол зангилаа болж байна. Мөн манай төвөөр дамжин аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг савлах, багцлах зэрэг үйлдвэрлэлийн ажил явуулдаг. Тухайлбал, 30 мянган тонн самрын үрийг Европ руу экспортолж байна” хэмээн танилцууллаа.

Гаалийн баталгаат үйлчилгээ, орчин үеийн логистик, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, боловсруулалтыг хослуулсан цогц төвд 2024 оны байдлаар, 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт үйлдвэрлэлийн өртөг 2.51 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Үүнээс аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өртөг 2.28 тэрбум юаньд хүрч, өмнөх оныхоос 29 хувиар өссөн бол тогтоосон хэмжээнээс дээш аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 2.1 тэрбум юаньд хүрч, 24 хувийн өсөлттэй гарсан байна. Мөн импорт, экспортын худалдааг багтаасан бөөний болон жижиглэнгийн орлого 20 сая юань, тээвэрлэлт, агуулахын орлого 220 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өсжээ. Нийт татварын орлого 44.54 сая юаньд хүрсэн байна.

Цаашид тус төв Монгол Улстай хамтран Европ руу чиглэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлж, галт тэрэгний цувааны хүлээгдлийг бууруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа аж. Казахстанаар дамждаг төмөр замтай харьцуулахад Улаанцав-Эрээн-Монгол-Оросоор дамжин Европ хүрэх чиглэл нь 2800 км-ээр богино ба 30 гаруй хотоор дайран өнгөрдөг стратегийн ач холбогдолтой замд тооцогдож байна.

Улаанцавын логистикийн төв экспорт, импортын эргэлтийг нэмэгдүүлжээ

Улаанцавын логистикийн төв экспорт, импортын эргэлтийг нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн