, 2026 оны тавдугаар сарын 13ЖАЙКА-гийн санхүүжилтээр 20 жилийн хугацаанд хэрэгжсэн хоёр үе шат бүхий зээлийн төслийн талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Төслийн удирдах хорооны дарга Т.Жамбалцэрэнгээс тодрууллаа.
-ЖАЙКА-гийн санхүүжилтээр 20 жилийн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийн зорилго, явц, үр дүнгийн талаар хуваалцах уу?
-ХХААХҮЯ-наас гаднын донор орнуудын тусламж, дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүд дундаас бизнес эрхлэгч ААН-үүдийг санхүүгийн хувьд урт хугацаанд, бодитоор санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн төсөл бол Япон улсын ЖАЙКА-гийн иений хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл юм.
Манай улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалах үндсэн зорилго бүхий ЖАЙКА-гийн энэхүү зээлийн төсөл нь 2006 оноос эхэлсэн. Нэгдүгээр үе шат нь 2006-2010 онд 2.9 тэрбум иенийн эх үүсвэрээр, хоёрдугаар үе шат 2011-2015 онд 5.0 тэрбум иенийн эх үүсвэрээр тус тус амжилттай хэрэгжсэн. Төслийн зээлийн үндсэн эх үүсвэр бүрэн олгогдож дууссанаас хойш ХХААХҮЯ төслийн хэрэгжилтийг эргэн төлөлтийн сангийн эх үүсвэрээр тогтвортой, хэвийн, амжилттай хэрэгжүүлээд явж байна. Төслийн гол онцлог бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шалгуур, шаардлага хангасан ААН-үүдийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны ач холбогдол бүхий бизнесийн төслүүдийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр банкаар дамжуулж санхүүжүүлдэг.
-Төслийн гүйцэтгэл хэрхэн явагдсан бэ?
-Төслийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн яам, агентлаг, ТББ-ын төлөөллийг багтаасан Төслийн удирдах хороо гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ хороо нь төслийн үйл ажиллагааг бодлогын чиглэлээр хангаж ажиллахын зэрэгцээ төслийн зээлээр санхүүжүүлж байгаа бизнесийн төслүүд нь Засгийн газраас баримталж буй хөгжлийн бодлогод нийцэх талаар бодлогын хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, шийдвэр гаргадаг бол гэрээт банкууд бизнес төслүүдийг банк, санхүүгийн зарчмын дагуу судалж, зээлийн хороогоороо баталсан төслүүдийн эрсдэлийг дааж, дамжуулан зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж ирсэн.
Энэхүү үйл ажиллагааны дүнд төсөл маань эдийн засгийг төрөлжүүлэх, хот суурин газар, хөдөө орон нутагт үндэсний үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байр хадгалах, шинээр буй болгох, байгаль орчныг хамгаалах үйлст тодорхой хувь нэмэр оруулж байна. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны санхүүгийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах бодит бололцоог олгож байна.

-Төслийн үр дүнгээс товч дурдах уу?
-Тус төсөл Монгол Улсад хэрэгжих хугацаанд хот хөдөөгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн 1,100 орчим бизнесийн төслийг 400 гаруй тэрбум төгрөгийн (210 орчим сая ам.доллар) хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж, улс орон даяар олон мянган ажлын байрыг бий болгосон байна. Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн төслүүд, тэр дундаа мах, сүү, талх нарийн боов, ноос ноолуур, оёдол, тавилга, төмөр хийц, барилгын материалын үйлдвэрийг ихээр санхүүжүүлсэн. Байгаль орчныг хамгаалах зорилтын хүрээнд хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлчилгээний газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийг сайжруулах, сумдын уурын зуухыг шинэчлэх зэрэг төслийг ихэвчлэн санхүүжүүлжээ. Нийт олгосон зээлийн 43 хувийг 21 аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон нь энэ төслийн санхүүжилтийн хүртээмж сайтай байсны илрэл болно.
-Төслийн дараагийн шатыг эхлүүлэхээр тохиролцсон гэж ойлгосон. Зөв үү?
-ЖДҮ-ийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, улмаар нийгэм, эдийн засгийн үр нөлөө өндөр, цаашдын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн, Монгол, Япон хоёр улсын Засгийн газар төслийн дараагийн шатыг эхлүүлэхээр тохиролцож, ЖАЙКА-гийн зүгээс төслийг эхлүүлэх суурь судалгааг 2026 оны эхнээс эхлүүлээд байна.
ЖДБ-үүдийг хөгжүүлэхэд нэн чухал санхүүгийн дэмжлэг болох урт хугацаат, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр дутагдалтай, эрэлт өндөр хэвээр байгаа энэ үед төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон ААН үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлого нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг буй болгох Засгийн газрын бодлогын хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэхээр байна.
Эцэст нь дүгнэхэд, энэхүү төсөл Монгол Улсад тасралтгүй 20 гаруй жил амжилттай хэрэгжиж байгаа нь Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны чухал үр дүнгийн нэг болоод зогсохгүй, цаашдын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж байна.
