, 2026 оны тавдугаар сарын 28УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 15-нд яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тавилаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2024 оны есдүгээр сард байгуулсан тус хэлэлцээрт манай улсад нийлүүлэх агаар хөлгийн түлшний нийлүүлэлтээс гадна татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах заалтууд тусгагдсан байна.
Хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж, гишүүдээс ирүүлсэн саналын дагуу ОХУ-ын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн тухай сайд илтгэлдээ танилцуулж, үүний үр дүнд хэлэлцээрийн үндсэн эх болон түүнд өөрчлөлт оруулах зургаан зүйл бүхий протоколын төслийг эцэслэн тохиролцсон гэдгийг мэдээлэв. Засгийн газраас эрх олгосны дагуу протоколд энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд Москва хотноо гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр, агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасалдахгүй байх, олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх, төрийн өмчийн компаниуд хамтарсан компани байгуулж нисэх буудлын шатахууны хангамжийн байгууллагын үйл ажиллагааг хариуцан менежментийг удирдан зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дурдлаа. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн түлш шатахууны нийт хангамжийн аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэрбээр хэллээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. УИХ-ын гишүүд хэлэлцээр соёрхон батлах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, газрын тосны импорт, хангамж, нийлүүлэлт болон газрын тос боловсруулах үйлдвэр, ОХУ-ын талтай хамтарсан компани байгуулах, улс орны түлш, эрчим хүчний аюулгүй болон найдвартай байдал, энэ талаарх олон талын хамтын ажиллагаа бий болгож, түлш, шатахууны олон эх үүсвэртэй болох зэрэг асуудлыг хөндөв.