, 2026 оны тавдугаар сарын 28УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн энэ оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа. Монгол Улсын иргэн Д.Отгонбат Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулсан боловч Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасныг уг нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөөгүй байна гэжээ.
Иргэний энэхүү мэдээлэл үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц энэ сарын 8-нд хийсэн дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Иймд Ерөнхийлөгчийн тухай хуулийн дээрх заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.
Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцээд, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэн батлах ажлыг яаралтай зохион байгуулах, хуулийн нийцэл хангагдаагүйгээр үүсэж болзошгүй эрх зүйн эргэлзээтэй нөхцөл байдлыг даамжруулахгүй байх, бусад хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудлаар байр суурь илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.