Монголчууд магадгүй бүгд биш юм аа гэхэд бидний эмээ, өвөөгийн үед шивээсийг төдийлөн таашаадаггүй байсан. Учир нь шивээсийг шоронд байсан хүмүүс эсвэл биеэ үнэлэгч нар хийлгэдэг гэх ташаа ойлголт түгээмэл байв. Тэгвэл сүүлийн жилүүдэд залуус шивээсийг урлаг, гоо зүй гэж хардаг болсон. Манай өнөөдрийн ярилцлагын зочин шивээсийг монголд хөгжүүлэхээр зорьж буй Б.Болорчулуун. Тэрбээр, анх 18 нас хүрээгүй байхдаа гэрийнхнээсээ нууцаар шивээс хийлгэж байсан бол өдгөө биеийнхээ 90 гаруй хувьд шивээс хийлгэсэн цөөн хүмүүсийн нэг. Тэрбээр, “Монголчууд шивээстэй хүнийг автоматаар муу хүн гэж харах гээд байдаг. Шивээстэй л болохоос бид гэр бүлтэй, үр хүүхэдтэй ажил төрөл эрхэлдэг энгийн л хүмүүс шүү дээ” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.
-Хамгийн анх шивээс хийлгэхэд гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ, хэдэн настай байхдаа анхны шивээсээ хийлгэж байсан юм бэ?
– Би чинь 18 нас хүрээгүй байхдаа л анх шивээс хийлгэж байсан. Тухайн үед аав ээжээсээ, би шивээс хийлгэж болох уу гэхээр манай аав, ээж хоёр арьсыг чинь өвчинө шүү л гэдэг байсан. Тэгэхээр нь ер нь нэгэнт хийлгэсэн байхад яав л гэж бодоод найзуудтайгаа хамт шивээс хийлгээд. Тэгээд гэртээ яваад орсон, аав, ээждээ харуулсан чинь айхтар зодож бариагүй жаахан л загнасан. Тэгээд л тэрнээс хойш бага багаар нэмсээр байгаад одоо биеийнхээ 90 гаруй хэсэгт шивээстэй болсон байна.
Магадгүй манай гэрийнхэн намайг оюун санааны хувьд өөрчлөгдчихөөд энэ хүн ийм зүйл хийгээд яваад байна уу гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хүүхэд нь мөрөөрөө ажлаа хийгээд яваад байхаар ойлгосон байх. Энэ миний хүүгийн дуртай зүйлийн нэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд огт юм хэлээгүй харин ч дэмждэг болсон. Тэгээд би боддог юм, би ямар шивээс хийлгэсэн гээд буруу замаар ороод л муу хүн болчихсон биш дээ. Ер нь хүн, хүний юу гэж хэлэхээс үл хамаараад өөрийнхөө дуртай зүйлийг хийж байх ёстой юм байна гэж. Харин эхнэртэйгээ танилцах үед биеийнхээ нэлээд хэсэгт шивээс хийлгэсэн байсан. Тэр үед өөрийгөө аймар лаг гэж боддог байсан шүү. Тухайн үед бас гангараа байлаа. Манай эхнэр муу хүн гэж бодоогүй байх аа. Гэхдээ миний шивээс чинь энгийн хүнийхээс их битүү болохоор хадмуудаасаа жаахан санаа зовж байсан. Бас нэг зүйл нь зун гадуур явахаар хүмүүсийн хандлага их онцгүй байдаг байсан. Тэрнээс их санаа зовж, муухай мэдрэмж авах гээд байдаг байсан. Одоо бол гоё. Би гоё л харагдаж байгаа. Хүмүүсийн юу гэж бодохоос санаа зовохоо больсон. Тэглээ ч хүмүүсийн хандлага маш гоё болсон.
-Яагаад заавал шивээсийг монголд хөгжүүлье гэж бодсон юм бэ. Хэзээнээс эхэлж энэ санаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед хүмүүсийн хандлага ямар байв, одоо шивээсний тухай хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөн үү?
-Шивээсийг монголд хөгжүүлье гэдэг санааг анх Солонгост байхдаа бодож олсон. 2018 онд гэрээгээр Өмнөд Солонгос улс руу ажил хийхээр яваад, тэнд байхдаа гэр бүлээсээ хол гурван жил жаахан хэцүү байсан л даа. Тэгээд хоёр дахь жилээсээ эхлээд л би ер нь нутагтаа очоод юу хийж болох вэ гээд бодож эхэлсэн. Гэхдээ би өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй дээрээс нь тэр зүйл маань хүмүүст сайхан мэдрэмж, эерэг энерги түгээдэг түүнээс би өөрөө урам зориг авдаг байх ёстой юм байна гэж бодсон. Миний хувьд 20 орчим жил бие дээрээ шивээс хийлгэсэн хүн байхгүй юу. Тэгээд л надтай хамгийн ойр, миний дуртай зүйл шивээс байсан. Тухайн үед чинь монголд шивээс төдийлөн хөгжөөгүй. Дутуу зүйл маш их, засаж сайжруулах зүйл байсан. Дээрээс нь хамгийн хэцүү нь шивээстэй хүмүүсийн талаар, шивээсний талаар монголчууд үнэхээр ташаа ойлголттой байсан. Тэгээд л 2021 онд Монголд ирээд хүмүүсийн буруу ойлголтыг залруулъя, урлаг талаас нь хөгжүүлье гэж шийдээд 2022 онд “B tattoo parlour” студээ байгуулсан.
-Таныг анх шивээс хийлгэж байхад тухайн үед хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?
-Юу, тухайн үед чинь хүмүүсийн хандлага аймар байсан шүү дээ. Би өөрөө нэмж шивээс хийлгэмээр байгаа хэрнээ хүмүүсийн хандлагаас эмээдэг л байлаа. Ил гаргаад явахаар заваан, сэжгийн зүйл харж байгаа юм шиг хандлага гаргадаг байсан. Би чинь биеийнхээ 90 гаруй хувьд шивээстэй. Бие дээрээ ийм их шивээс хийлгэсэн хүн монголд байхгүй байсан тухайн үед. Одоогоос арваад жилийн өмнө бол шивээсний талаарх ойлголт үнэхээр хэцүү байсан. Тэгээд олон нийтийн сүлжээнд өөрийнхөө зураг бичлэг зэргийг нийтлэхээр комментоор наадах чинь юу нь гоё байгаа юм, буруу зүйл уриалаад байна гээд хорвоогийн хамгийн адгийн хүн мэтээр зүсэн зүйлээр харааж, дургүйцдэг байсан.
Гэтэл хэдий би биеэрээ дүүрэн шивээстэй ч бусадтай адилхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй, ажилтай энгийн л хүн байхгүй юу. Би худлаа хэлж үзээгүй, хулгай хийж үзээгүй.
Гэтэл зарим хүмүүс миний биеийг хараад л автоматаар муу хүн гэж боддог. Одоо бол хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн, гоо сайхан урлагийн нэг хэлбэр гэж хүлээж авч байна. Саяхныг хүртэл төрийн албан хаагчид шивээстэй байж болдоггүй байсан шүү дээ. Тэр үед хэдий шивээс хийлгэмээр байсан ч төрийн албанд ажилладаг байсан учраас чаддаггүй байлаа. Одоо дуртай зүйлээ шивүүлмээр байна гээд тэтгэвэртээ гарсан хүмүүс хүртэл ирж хийлгэдэг байсан.
-Төрийн албан хаагдчыг шивээстэй байхыг зөвшөөрсөн гэсэн үг үү.
-Одоо бол ил гарахгүй бол биедээ шивээстэй байж болдог болсон. 2023 онд байхаа бид нар контент хийгээд явж байхад нэг цагдаа залуу танай контентуудыг үздэг. Шивээс хийлгэмээр байна гээд шивээс хийлгэсэн юм. Тэгээд бичлэгийг нь цацсан чинь маш их хүмүүс үзээд хандалт их авсан л даа. Бичлэг орсны дараа хууль дүрэмдээ болдоггүй юм аа бичлэгээ устгаад өгөөч цагдаагаас маш их залгасан. Тэгээд бид нар бичлэгээ устгаж байсан тухайн үедээ. Ингээд 2025 оны нэгдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын тухайн үеийн дарга нь “Цагдаагийн алба хаагчид ил гарахгүй бол шивээс хийлгэж болно” гэж мэдэгдэж байсан.
ХУУЧИН ШИВЭЭСИЙГ ЗАСАХ НЬ ШИНЭ ШИВЭЭС ХИЙХЭЭС ХЭЦҮҮ

–Шивээсний тухай янз янзаар хүмүүс ярьдаг. Зарим нь шоронд байсан хүмүүс л наадахыг чинь хийлгэдэг юм гэнэ. Ер нь л болж бүтэхгүй нөхдүүд бие дээрээ шивээс хийлгэдэг гэсэн ойлголт түгээмэл байсан шүү дээ. Бүр шивээстэй хүн нас барсны дараа төрлөө олдоггүй гэж ч ярихыг сонсож байсан юм байна.
-Яг тэгдэг гэсэн батлагдаж, нотлогдсон зүйл байхгүй шүү дээ. Харин тэр шоронд байсан хүмүүс хийдэг байсан гэдэг ярианы тухайд тэр хүмүүс чинь тэр шивээснээсээ ямар нэг мэдрэмж авах л гэж хийлгэж байсан байх. Магадгүй нар шивүүлсэн байвал нарыг мөрөөдөж байна. Морь шивүүлсэн байвал моринд хайртай байж болно. Хайртай хүнийхээ нэрийн эхний үсгийг шивүүлсэн бол түүнийг дурсаж л тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр шивээс гэдэг чинь тухайн хүндээ утга учиртай, насан туршид нь сайхан дурсамж үлдээж, гоё мэдрэмж төрүүлдэг зүйл байхгүй юу. Яахав, зарим улсуудад бол буруу гарын хүмүүс хийлгэдэг. Монголд бол өөр. Өөрөөр хэлбэл, манайд жинхэнэ урлаг талаасаа хөгжиж байгаа. Хуучин цагт таны хэлдэг шиг хүмүүс хийлгэдэг байсныг үгүйсгэхгүй. Харин одоо бол урлаг, гоо зүй талаас нь хүмүүс хардаг болсон. Харин тэр шивээс хийлгэсэн хүн төрлөө олохгүй гэдэг дээр бол туйлширсан үзэл л гэж хэлнэ. Тийм яриа мэр сэр сонсож байсан. Хаанаас ч тийм яриа гарсныг мэдэхгүй. Миний хувьд бол шашнаас авах зүйлээ авах ёстой. Хамгийн чухал нь энэ амьдралдаа зөв байцгаая, бусдад битгий муу зүйл хийгээрэй л гэдэг зүйл шүү дээ. Дээр үед хатад хатан хүн гэдгээ ялгахын тулд шивээс хийлгэдэг байсан юм билээ. Ер нь бол тэмдэгний л нэг хэлбэр болгож ашигладаг байсан.
-Шивээс хийлгэхэд шивээсний зүүгээр дамжуулж ямар нэг халдварт өвчин авах эрсдэл бий юу. Ер нь халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахидаг вэ?
-Халдвар авах эрсдэл бий. Тиймээс хэрвээ шивээс хийлгэхээр төлөвлөж байгаа бол анхаарах ёстой хэдэн зүйлүүд байна. Сүүлийн үед хүмүүс шивээс хийлгэх нь нэмэгдэхийн хэрээр хийдэг газрууд олон болсон. Тэр дунд ур чадвар муу, чаддаггүй дээрээс нь зориулалтын биш орчинд ганц шивээсний машин барьчихсан шивээс хийнэ гээд сууж байгаа хүмүүс олон байна. Найзуудаараа нийлээд л архи уугаад нэг машин барьчихсан бие, биедээ шивээс хийчихдэг ч хүмүүс бий. Тийм зүйлээс халдвар дамжих магадлалтай. Харин мэргэжлийн артистай студийн хувьд бол ариун цэврийг сахиж, халдвар хамгааллыг хангаж ажилладаг. Шивээсний бүхий л хэрэгслүүд нэг удаагийнх болсон. Өөрөөр хэлбэл, будагуудаа хүртэл зориулалтын нэг удаагийн саванд хийж хэрэглэдэг үлдвэл шууд хаяна. Тэгэхээр дараагийн хүнд халдвар халдах ямар ч эрсдэл байхгүй. Харин шивээс хийлгэсний дараа арьс бага зэрэг гэмтдэг.
Тодорхой хэмжээнд шарх үүсдэг. Энэхүү шарх дунджаар 15 хоногийн хугацаанд эдгэдэг. Энэ эдгэх хугацаанд нь бохир зүйл хүргэхгүй байх нь чухал.
Монголд яг мэргэжлийн шивээс хийдэг студи ховор. Яг мэргэжлийн газрыг, чадварлаг артистыг олоод хийлгэж чадвал ямар ч халдвар авна гэж айх шаардлагагүй. Ер нь мэргэжлийн газар очсоноор халдвар хамгааллаас гадна хүссэн зургаа бие дээрээ буулгуулна. Тэр шивээс чинь таны бие дээр насан туршид байх учраас олон жилийн туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хүн байх ёстой. Харин үүнийгээ дагаад тодорхой хэмжээний үнэлгээтэй байна. Гадуур маш хямд хийж байна. Пүүзэнд хүртэл хулхи ориг гэж байдаг биздээ. Өмсөхөөр эдэлгээ нь ямар байдаг билээ. Түүнтэй л ижил.
-Хямдхан будгаар шивээс хийлгэвэл арилах уу дээрээс нь шивээсний будаг ямар нэг харшил өгдөг үү?
–Муу будгууд байгаа арилна. Харин харшлын тухайд хуучин неон будаг ашигладаг байсан тэр нь арьсыг гэмтээдэг байсан. Одоо бол будаг чанартай сайн болсон. Америк, Япон, Солонгос, Хятад гэсэн улсуудаас оруулж ирж байна. Үнэхээр чаддаггүй мэргэжлийн биш хүмүүс шивээс хийхдээ ямар нэг алдаа гаргадаг. Нэг ёсондоо хүмүүсийг туршилтын туулай болгодог. Ялангуяа эхний удаад. Тэгээд хүмүүс энэ ингээд яг миний хүссэнээр болсонгүй, засуулъя гээд хүрээд ирдэг. Хуучин шивээсийг засах нь шинэ шивээс хийхээс хэцүү. Цаг хугацаа их орно, өртөг нь ч өндөр болдог. Тэгэхээр үнэхээр шивээс хийлгэх гэж байгаа бол хийлгэх газраа сайн судал. Мэргэжлийн студид очоорой л гэж хэлнэ.
-Хүйсийн хувьд эмэгтэйчүүд шивээс их хийлгэдэг болсон шиг анзаарагдаж байгаа. Нэмээд асуухад шивээсэнд бэлгэдэл ч юм уу утга учир гэж байна уу. Тухайлбал, эрвээхий шивүүлсэн бол хөнгөн явдалтай эмэгтэй ч гэдэг юм уу нэг тийм ойлголт байгаад байх шиг.
-Ер нь манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Утга учрын тухайд мэдээж тэр хүн тухайн шивээснээс харагдах талаасаа ч тэр утга агуулгын хувьд ч гоё сайхан мэдрэмж авах гэж сонгож хийлгэж байгаа. Одоо тэр дээр үеийнх шиг эрвээхэй бол хөнгөн явдалтай шөнө орой нисдэг учраас хөнгөн явдалтай хүмүүс хийлгэдэг гэсэн тийм тэнэг ойлголт байхгүй. Жишээлбэл, нэг хүн бар шивүүллээ гэж бодъё тэрийг тухайн хүн өөрийнхөө төрсөн жил учраас хийлгэж байж болно. Харин нөгөө хүн бараар сүр хүчийг бэлгэдэж болно. Хүн бүрийн харах өнцөг өөр, өөр. Зарим хүмүүс хамгаалалтын зорилгоор ч хийлгэдэг. Тэгэхээр батлагдаж нотлогдоогүй хэзээ хэн хэлсэн нь мэдэгдэхгүй хүний үгэнд бүү итгэ. Та тэрийг өөрөө юу гэж харна түүгээрээ л мэдэр. Манай артистуудын хувьд эргэлзээд байгаа хүнд шивээс хийдэггүй, та сайн бодож байгаад дахиад ирээрэй гээд буцаадаг. Шивээс чинь амьтай зүйл тэгэхээр сөрөг зүйл битгий бодож байгаарай л гэж хэлнэ. Манай артистууд хэлдэг л дээ. Бид нар хамгийн үнэтэй материал дээр уран зураг урлаж байгаа хүмүүс гэж. Тэгэхээр алдаа гаргах эрх байхгүй. Хөмсөгний шивээс биеийн шивээс хоёр адилхан шүү дээ. Контент хийгээд явж байхад зарим хүмүүс өөрсдөө хөмсөг шивүүлчхээд шивээс бол муухай, хүүхдээ хийлгэхийг зөвшөөрөхгүй гэдэг. Шивээс бол гоо зүй урлаг болж хөгжиж байгаа. Дахиад хэлэхэд хүн хүний харах өнцөг өөр. Хүний хүсэлд сонирхол хүндэтгэлтэй хандаарай гэж хэлмээр байна. Шивээс монголд хөгжихийн төлөө.