К-поп урсгалын хамгийн том төлөөллийн нэг “BTS” хамтлаг өнгөрсөн сард тав дахь цомгоороо эргэн ирсэн. Энэхүү эргэн ирэлтийн дараа тэдний дуунуудын хэчнээн нь англи хэл дээр байсан бэ гэдэг асуулт дуу хөгжмөөс илүүтэй олны анхаарлыг татсан юм. К-поп урсгал дэлхийн хэмжээнд тэлэхийн хэрээр энэ асуудал сөхөгдөж эхлээд буй.
“BTS”-ийн ахлагч “RM” дууны үгэнд англи үгийг түлхүү ашиглаж байгаад санаа зовдог гэдгээ “Netflix”-ийн баримтат нэвтрүүлэгт дурджээ. Хамтлагийн гишүүн Шюга ч бас солонгос хэл дээрх хэсгүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэгээ хуваалцсан байна.
Гэсэн ч агентлагийн удирдлагуудын хувьд англи хэлээр дуулж, уран бүтээлийг дэлхийн үзэгч, сонсогчдод хүргэх нь чухал. Тиймдээ ч “BTS”, “BLACKPINK”-ээс эхлээд жижиг, шинэ хамтлагуудын дуу хүртэл англи хэлээр гарах болж. Ингэхдээ зарим дуу нь англи, солонгос хэл холилдсон байдаг бол зарим нь бүхэлдээ англиар байдаг.
Англи хэлээр дуулвал тухайн уран бүтээлийн хүртээмж сайжрах ч гэлээ солонгос соёл гэдэг утга нь алдагдах вий гэдэг санаа зовнил бий. Барууны сонсогчид жинхэнэ к-попыг илүүд үздэг гэж хэлдэг ч ачир дээрээ англи үгтэй, ТикТок хэв маягтай дуунууд чартуудад дээгүүр байр эзэлж байна. Хэрвээ к-поп уран бүтээлээс солонгос хэлийг бүрэн хасчихвал к гэдэг утга нь алдагдах юм.