“Тесла” компани Хятадаас 3 сая машинаа эргүүлэн татав

“Тесла” компани хоёр төрлийн аюулгүй байдлын асуудлаас болж Хятадаас гурван сая орчим автомашинаа эргүүлэн татаж байна. Эдгээр нь хаалганы бариул болон жолоочийн анхаарлыг хянах системтэй холбоотой асуудлууд юм. Техникийн асуудлын талаар өнгөрсөн Баасан гаригт /2026.08.21/ “Тесла” компани болон Хятадын бүтээгдэхүүний аюулгүй байдлын зохицуулагч байгууллагаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд дурдсанаар, хүчтэй мөргөлдөх үед автомашины бага хүчдэлийн цахилгаан систем ажиллагаагүй болж болзошгүй. Үүнээс болж хаалганы бариулд ч доголдол үүсч, яарч сандарсан зорчигч машиныг нэн даруй орхиход төвөгтэй болох аж.

Харин жолоочийн анхаарлыг хянах систем гэдэг нь жолоочийг машин барьж байхдаа анхаарал сэрэмж өндөртэй байгаа эсэхийг тогтмол хянах, шаардлагатай тохиолдолд жолооны хүрдийг удирдах, тоормослох зэргээр зохицуулалт хийдэг систем юм. Эргүүлэн татах мэдэгдэлд дурдсанаар, “Тесла” тус системд програмын шинэчлэлт хийнэ.

Эргүүлэн татах машинуудад 2019 оны гуравдугаар сарын 4-нөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний хооронд Хятадад үйлдвэрлэсэн болон зарим импортоор орж ирсэн “Model 3”, “Model Y”, “Model S”, “Model X” машинууд багтана. “Model Y” нь Хятадад хамгийн их зарагддаг бөгөөд энэ оны долдугаар сарын байдлаар “Тесла” компани Хятадад 25,158 “Model Y” нийлүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн