АНУ-ын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Johnson & Johnson” (J&J) компани тальк агуулсан хүүхдийн нунтаг болон бусад бүтээгдэхүүн нь өндгөвчний хорт хавдар үүсгэсэн гэх хэдэн мянган нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх зорилгоор 5.5 тэрбум ам.долларын тохиролцох санал тавьжээ.
Уг санал нь “J&J”-ийг олон жилийн турш дагасан хамгийн том хууль эрх зүйн маргааныг дуусгах зорилготой юм.
Компанийн мэдээлснээр, тохиролцооны дагуу тальктай холбоотой үлдсэн 69 мянга орчим нэхэмжлэл хамрагдах бөгөөд энэ нь одоог хүртэл шүүх дээр хэлэлцэхийг хүлээгдэж буй нэхэмжлэлийн дийлэнх нь юм. Улмаар ирэх онд 3 тэрбум ам.доллар хүртэлх төлбөрийг барагдуулах бөгөөд 2028 оноос өмнө нэмэлт төлбөр хийхгүй аж.
Гэхдээ уг хэлэлцээ хүчин төгөлдөр болохын тулд нийт нэхэмжлэл гаргагчдын 95 хувийг төлөөлөн ажиллаж буй хуульч, өмгөөллийн фирмүүдийн зөвшөөрөл хэрэгтэй.
Мөн “J&J” компани бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэсэн гэх мэдэгдлийг дахин няцааж байна. Компанийн шүүхийн маргаан хариуцсан дэд ерөнхийлөгч Эрик Хаасын хэлснээр, эдгээр буруутгал нь “үндэслэлгүй” бөгөөд тус компани өнөөг хүртэл шүүхээр шийдвэрлэгдсэн ихэнх хэрэгт ялалт байгуулсан. Цаашид шүүхийн маргааныг үргэлжлүүлсэн ч эцэст нь ялна гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа ч асуудлыг нэг мөр эцэслэхийн тулд эвлэрлийн тохиролцох санал гаргасан гэж мэдэгдсэн байна.
Мөн энэхүү тохиролцоо нь компанид олон жил үргэлжилсэн маргааныг ардаа орхиж, хүний амь насыг аврах эм, эмнэлгийн хэрэгсэл боловсруулах үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломж олгоно гэдгийг онцолжээ.
“J&J”-ийн хүүхдийн тальк агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой маргаан 2009 оноос эхэлсэн. Нэхэмжлэгчид болон тэдний ар гэрийнхэн тус компанийн тальк бүтээгдэхүүнүүд асбестоор бохирдсон байсан гэж буруутгадаг. Үүний улмаас өндгөвчний хорт хавдар болон бусад хавдар үүссэн гэж үздэг.
Тальк нь магни, цахиур, хүчилтөрөгч, устөрөгчөөс бүрдэх байгалийн эрдэс бөгөөд гөлгөр, зөөлөн бүтэцтэй учраас хүүхдийн нунтаг зэрэг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг.
Харин талькийн орд нь хавдар үүсгэгч бодис болох асбестын ордтой ойр байрлах тохиолдол байдаг тул бохирдох эрсдэлтэй гэж үздэг.
Энэ сарын эхээр АНУ-ын холбооны шүүх “J&J”-ийн талд шийдвэр гаргаж, тальк нь өндгөвчний хорт хавдрын шууд шалтгаан байсан гэдгийг нотлох баримт хангалтгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Харин “J&J” хамгийн сүүлийн мэдэгдэлдээ “Судалгаануудад тальк нь аюулгүй, асбест агуулаагүй бөгөөд хорт хавдар үүсгэдэггүйг харуулж байна” гэж онцолжээ.
Тус компани 2022 онд дэлхий даяар тальк агуулсан хүүхдийн нунтаг үйлдвэрлэж, худалдаалахаа зогсоож, эрдэнэ шишийн цардуулд суурилсан найрлагатай бүтээгдэхүүнээр бүрэн орлуулах шийдвэр гаргасан. Үүнээс өмнө буюу 2020 онд АНУ-ын зах зээлээс уг бүтээгдэхүүнээ татан авч байсан юм.