Тайванийн улс төрийн “хар азарга” 17 жилийн хорих ял авчээ

Тайванийн шүүх Тайпэй хотын дарга асан Ко Вен Жег авлига, улс төрийн хандивыг зүй бусаар ашигласан хэрэгт буруутай гэж үзэн 17 жилийн хорих ял оноолоо. Нэгэн цагт Тайванийн улс төрд од болж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан 65 настай түүнийг хотын даргаар ажиллаж байх хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн наймааны үеэр хагас сая гаруй ам.долларын хахууль авсан гэж буруутгасан. Мөн 2024 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэрээ кампанит ажлын санхүүжилтийг буруу мэдүүлсэн хэргээр буруутгаж байсан.

Тайванийн Ардын нам (TPP)-г үүсгэн байгуулагч Ко буруутай үйлдлээ үргэлж няцаасаар ирсэн.

“TPP”-ийн одоогийн дарга Хуан Куо-чан өмнө нь Код тавьсан ялыг улс төрийн зорилготой гэж тодорхойлж байсан. Прокурорууд анх Код 28 гаруй жилийн хорих ял оноохыг хүссэн бөгөөд түүнийг 535 мянган ам.долларын хахууль авсан гэж буруутгасан юм. Ко 2024 онд баривчлагдсан бөгөөд есдүгээр сараас хойш батлан ​​даалтад гарсан.

Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд хар азарга гэх хоч авсан Ко 25 хувиас дээш санал авсан байв. Ажиглагчид тухайн үед Ко ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван хүнээс ​​хамгийн сүүлд орсон ч түүний үзүүлэлт нь сонгогчдын олон ургалч улс төрийн орчныг шаардаж байгааг харуулж байна гэж хэлж байсан. Ко өөрийгөө хоёр гол намаас гадна гуравдагч сонголт гэж нэрлэснээрээ алдартай болсон.

Тэрбээр эрх баригч Ардчилсан дэвшилтэт намыг (DPP) Бээжинтэй хурцадмал байдлыг өдөөж байна гэж шүүмжилж байжээ.

Ялагдал хүлээснийхээ дараа тэрбээр улс төрийн карьераа орхихгүй гэж тангараглаж, 2028 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвтэй байв. Ког баривчилсан нь түүний холбоотон болон дэмжигчдийн эсэргүүцлийг өдөөж, “DPP”-ыг өрсөлдөгчдөө дарахын тулд уг ялыг ашигласан гэж буруутгажээ. Шүүхийн шийдвэрийн өмнө дэмжигч нь болох Кенни Ян “Ког хулгайч мэт буруутгаж, улс төрийн хавчлагын хохирогч болголоо” гэж мэдэгджээ. Мөн “Үр дүнгээс үл хамааран бид түүнийг үргэлжлүүлэн дэмжиж, шударга ёсыг эрэлхийлэхэд нь туслах болно” гэж 52 настай Ян шүүхийн гадна ярьжээ. Тэрбээр “Бид Тайванийг зөв болон буруугийн мэдрэмжгүй, шударга ёсгүй нийгэм болохыг зөвшөөрч чадахгүй” гэж үргэлжлүүлэн хэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн