Таамаг: Битүүнд улсын заан цолтон түрүүлнэ

Монгол түмний хүсэн хүлээдэг сар шинийн барилдаан өнөөдөр/2026.02.16/ 13:00 цагаас эхэлнэ. “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан тун сонирхолтой болох шинжтэй. Дархан аварга А.Сүхбат дахин нэг удаа эргэн ирж байгаа нь тасалбар дуусах, үнэ нэмэгдэх шалтгаан гэмээр. Мэдээж залуу арслан, заануудын хэн нь цойлох вэ гэдэг дан ганц бөх сонирхогчдын бус охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байна. Тэгвэл хэн нь индэр өөд алхаж, түрүү бөхийн бай шагналыг хүртэх вэ?

ТҮҮХИЙГ ЭРГЭН САНАВАЛ

Одоогоос 12 жилийн өмнө 2014 онд модон морь жилийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, тухайн үед аймгийн арслан цолтой байсан О.Хангай аварга үзүүрлэж байв. Харин 2002 оны усан морин жилийн барилдаанд улсын заан цолтой байсан Д.Сумъяабазар аварга түрүүлж, хожмоо улсын гарьд болсон улсын заан И.Доржсамбуу үзүүрлэсэн түүхтэй.

Түүнээс өмнөх могой жилийн барилдаануудын үр дүнг товчлон хүргэе.

  • 1990 оны морь жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Д.Цэрэнтогтох үзүүрлэв.
  • 1978 оны морь жилийн барилдаанд тухайн үед улсын заан цолтой байсан дархан аварга Д.Цэрэнтогтох түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэв.
  • 1966 оны морь жилийн барилдаанд тухайн үед улсын заан цолтой байсан дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэжээ.

Түүхнээ морь жилийн барилдаанд улсын заан цолтой бөхчүүд ихэвчлэн түрүүлжээ. Хэрэв хуулинд нэмэлт өөрчлөлт орж, улсын гарьд цол нэмэгдээгүй байсан бол Д.Рагчаа улсын заан гэдгээрээ дуурсагдах байв. Мэдээж 1990-ээд онд Б.Бат-Эрдэнэ аваргын ноёлсон жилүүдэд эн тэнцүү хүчтэн байгаагүй билээ.

ЧАНСААГ ХАРВАЛ

Чансааг харвал аварга, арслан, заанууд өнгөлж байна. Ялангуяа улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын арслан Б.Орхонбаяр нар он гарснаас хойш өнгөтэй харагдана.

GolMedee

Хамгийн сүүлд дархан аварга Б.Бат-Эрдэнэ л сар шинийн барилдаанд гурав дараалан түрүүлж байлаа. Тэгвэл түүний энэхүү амжилтыг давтах боломж О.Хангай аваргад бий.

Б.Бат-Эрдэнэ аваргын сар шинийн барилдаанд дараалан 11 түрүүлсэн ялалтын цувралыг 1999 онд улсын заан цолтой байсан А.Сүхбат аварга зогсоож байлаа.

Өнгөрсөн оны төгсгөлд улсын арслан Э.Батмагнай, улсын заан С.Сүхбат нар тунчиг сайн бэлтгэлжилт, барилдаантай байсан.

ТҮМЭН ОЛНЫ ХҮСЛЭЭР

Жил болгоны сар шинийн барилдаанаар аймгийн цолтой нэгэн бөх цахиур хагалж, таамаг будлиантуулдаг. Өнгөрсөн жил аймгийн арслан цолтой байсан Ш.Отгонтөгс начин, түүний өмнө аймгийн заан цолтой байсан Э.Мөнхжаргал начин, тэгээд 2017 оны аймгийн арслан О.Хангай аварга гээд үргэлжилнэ.

Таамаг: Битүүнд улсын заан цолтон түрүүлнэ

Тэгвэл энэ жил аймгийн арслан Д.Алтанцоожийг их шөвөгт үлдэх боломжтой гэж харж байна. Тэрбээр саяхан “Дашчойлин” хийдийн нэрэмжит сар шинийн барилдаанд түрүүлсэн. Ер нь л цол нь аймгийнх гэхээс биш барилдаан нь хэдийнэ улсын цолных болчихсон бөх.

ИНГЭЭД ХАРАХААР

Түүхээ, чансаагаа ч харсан энэ жилийн сар шинийн барилдааны түрүү бөх аварга, арслан, заан цолтнууд дундаас төрөх нигууртай. Бүр тодруулбал, улсын заан цолтнуудаас түрүү бөх төрнө. Гагцхүү ганцыг нь нэрлэ гэвэл С.Сүхбатыг нэрлэнэ. Мөн улсын заан цолтой бөхчүүдээс М.Лхагвагэрэл дутуугаа гүйцээж, сар шинийн барилдаанд түрүүлэх боломжтой.

Таамаг: Битүүнд улсын заан цолтон түрүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн