Швейцарь: Хүн амын тоог 10 саяар хязгаарлах санал хураалт эхэллээ

Швейцарьчууд цагаачлалын асуудлаас болоод дотооддоо хуваагдалтай байгаа учир Швейцарийн ардын нам энэ оны хоёрдугаар сард хүн амын тоог 10 саяар хязгаарлах санал дэвшүүлсэн билээ. Тус улсын хамгийн том улс төрийн бүлгэмийн дэвшүүлсэн энэ саналын дагуух санал хураалт өнөөдөр /2026.06.14/ эхэлж байна.

Швейцарийн хүн ам 2025 оны эцэс хүртэлх 10 жилийн хугацаанд 10 хувиар өсч, 9.1 сая гаруй болсон. Өдгөө тус улсын 65-аас дээш насны хүн амын тоо анх удаа 20-иос доош насныхнаас олон болчихоод байна. Үүний зэрэгцээ 2024 оны эцсийн байдлаар нийт хүн амын 41 хувь нь шилжин суурьшсан иргэд байжээ.

Татварын хувь хэмжээ бага учир Швейцарь улс олон улсын томоохон компаниудын өлгий нутаг гэгддэг. Мөн тус улс тэрбумтнуудын тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь ч бусад хөгжингүй эдийн засгуудаас хамаагүй өндөр.

Хэрвээ санал хураалтын дүнгээр хүн амын тоог 10 саяд хязгаарлах нь батлагдвал засгийн газар арга хэмжээ авч эхэлнэ. Ингэхдээ хүн амын тоог 9.5 сая хүрмэгц нь орогнол хүсэгчид болон гадаадын иргэдийн ар гэрийг нэвтрүүлэхээс татгалзах арга хэмжээ авах бололтой. Хэрвээ хүн амын тоо 10 сая хүрчихвэл засгийн газар Европын холбоотой байгуулсан чөлөөт хөдөлгөөний гэрээгээ хүчээр цуцлахаас өөр аргагүй болно.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн