Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD”-ийн Шэньжэнь дэх үйлдвэрт дөрөвдүгээр сарын 14-нд гал гарчээ. Галыг бүрэн унтраасан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Мөн галын шалтгааныг хараахан бүрэн тодруулаагүй байна.
Гал түймэр дөрөвдүгээр сарын 14-ний 02:48 цагийн үед гарсан бөгөөд машин тавьдаг олон давхар зогсоол галд өртжээ. Дүүрэг, хотын түвшний онцгой байдлын алба хаагчид галын бүсэд ажилласан байна.
Үйлдвэр Шэньжэний Пиншан дүүргийн захад Ма Луан хороололд байрладаг. Зогсоолоос гадна тус байгууламжид туршилтын болон ашиглалтаас гарсан машинуудыг гол төлөв хадгалдаг байжээ. Албан ёсны мэдээлэл харвал үйлдвэрлэлийн шугам эсвэл угсралтын байгууламжид хохирол учраагүй бололтой. “BYD”-ийн үйлдвэрлэлийн гол төв гэгддэг Пиншаны байгууламжид үйл ажиллагаа тасалдсан гэсэн мэдээлэл ч алга байна.
Дашрамд дурдахад, “BYD” үйлдвэрлэлээс гадна цэнэглэх дэд бүтцээ өргөжүүлсээр байна. Тус компани саяхан Хятадын 297 хотод 5000 түргэн цэнэглэх станц байрлуулснаа зарласан. Эдгээр станц нь мегаваттын түвшний цэнэглэлтийг дэмждэг бөгөөд стандартад нийцсэн тээврийн хэрэгслийг таван минутын дотор 10-70 хувь хүртэл цэнэглэдэг. Энэ оны эцэс гэхэд улс даяар 20 мянган цэнэглэх станц байгуулахаар тус компани зорьж байна.
“BYD” цэнэглэх станцаа зөвхөн дотоодод гэлтгүй гадаадад ч өргөжүүлж байна. Энэ оны төлөвлөгөөнд дурдсанаар, гадаадад 6000 станц байрлуулах аж.
Харин борлуулалтын тухайд энэ оны гуравдугаар сарын байдлаар тус компани 300222 шинэ автомашин заржээ. Энэ нь хоёрдугаар сарынхаас давсан тоо боловч өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн эхний улиралд “BYD” 700463 шинэ машин борлуулж байжээ.
