Урлаг сонирхогч, инженер Ари Ходара гэх эрэгтэй сугалаагаар Пабло Пикассогийн 1.2 сая ам.доллараар үнэлэгдэх бүтээлийг хожсон байна. Парис дахь “Christie’s” дуудлага худалдааны газраас Мягмар гаригт (2026.04.14) Ходарад баярт мэдээг дуулгасан бөгөөд 58 настай инженер итгэж ядан “Надаар тохуурхаад байгаа үгүйг би яаж мэдэх юм” гэж асууснаа дараа нь хэвлэлд ярьжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэхүү сугалааг Альцгеймерийн өвчний судалгаанд зориулж зохион байгуулсан. Нийт 100 евро буюу 118 ам.долларын үнэ бүхий 120 мянган сугалааг зарсан бөгөөд 13 сая ам.доллар цуглуулж чаджээ. Энэ нь 2013 оноос хойш үе, үе хэрэгжих болсон “Нэг Пикассог 100 еврогоор” хандивын кампанит ажил бөгөөд гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Пикассогийн өвөрмөц хэв маягаар бүтээгдсэн “Tête de Femme” уран зураг энэ жилийн хандивын сугалааны шагнал байв.
Уг зугаргт Пикассо өөрийн хамтрагч, муза болох Францын сюрреалист зураач Дора Маарыг гуаш будаг ашиглан дүрсэлсэн байдаг. Ходара шагнал авсан тухайгаа мэдээд их гайхсан бөгөөд хэзээ ч хожно гэж бодож байгаагүй гэж онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Би маш их баяртай байна. Учир нь би зураг зурах сонирхолтой бөгөөд Пикассогийн бүтээлийн эзэн болсон минь хамгийн сайхан мэдээ байлаа” гэж онцлон тэмдэглэжээ. Ходарагийн худалдан авсан сугалааны дугаар 94,715 дугаартай байсан бөгөөд “Нэг Пикассог 100 еврогоор” кампанит ажлын талаар мэдсэн даруйдаа оролцохоор шийдсэн байжээ.
Франц сэтгүүлч Пери Кочин Пикассогийн гэр бүл, сангийн дэмжлэгтэйгээр хандивын сугалааг зохион байгуулсан юм. Тэрбээр энэ удаагийн шагналын эзэн дэлхийн хаанаас ч тодрох боломжтой байсан ч Парисийн оршин суугч байсан нь гайхалтай тохиолдол болсон гэж үзэж байна. Кочин хэвлэлд хэлэхдээ, “Бид уран зургийг шинэ эзэнд нь хүргэж өгөхөд их амархан байх нь. Бид үнэхээр баяртай байна” гэжээ. Пикассо амьдралынхаа ихэнх хугацааг Парист өнгөрүүлсэн бөгөөд музейд нь зураачийн олон мянган зураг, хэвлэмэл болон баримлууд дэлгэгдсэн байдаг аж.
Хандивын сугалаагаар олсон орлогын нэг сая еврог зургийн эзэмшигч байсан “Opera Gallery”-д өгөх бол үлдсэн мөнгийг Францын Альцгеймерийн судалгааны санд хандивлахаар төлөвлөж байна.
Сангийн тэргүүн Оливье де Ладусетт хэлэхдээ, “Пикассо кампанит ажил нь нэг л өдөр Альцгеймерийн өвчин ердөө муухай дурсамжаас өөр юу ч биш болохын тулд бий болсон дахин нэг гүүр болж байна” гэж онцолжээ. Уг сугалаа хамгийн анх 2013 онд зохион байгуулагдахад АНУ-ын Пенсильвани мужийн 25 настай эрэгтэй хожсон. Тухайн үед ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Ливаны Тир хотыг хамгаалахад туслах зорилгоор хандив цуглуулсан байв. Дараа нь 58 настай Италийн нягтлан бодогч хоёр дахь удаагийнхад хожсон бөгөөд хүү нь Зул сарын баяраар сугалааг авч өгсөн байжээ. Уг сугалаагаар цугларсан мөнгийг Камерун, Мадагаскар, Мароккогийн сургууль, тосгодын ариун цэврийн төслүүдэд хандивласан байдаг.