Хөлбөмбөгийн ДАШТ 2026
Португалын шигшээ баг энэ дэлхийн аваргын анхны хожлоо байгууллаа. Тэд Узбекистаны шигшээ багийг 5-0 гэсэн харьцаатай хожиж, Роналдо хоёр гоол оруулав. Түүнийг шүүмжлэгчид сүүлийн өдрүүдэд “жаргалтай” байсан. Учир нь Месси хоёр тоглолтод таван гоол оруулж, Мбаппе, Холанд тэргүүтэй залуус гангарсан юм. Тиймээс Роналдо үл итгэгчид, шүүмжлэгчдийнхээ хэл амыг дарж чадлаа.
Португалын шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Конготой тэнцсэн билээ.
Тоглолт дууссаны дараа талбайгаас гарч явахдаа Роналдо камерт “Би эргэн ирлээ, би эргэн ирлээ” гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан. Түүнээс яагаад ингэж хэлснийг нь лавлахад “Тэднийг/шүүмжлэгчдийг/ битгий мартаасай гэсэн дээ. 23 жил ийм байлаа” гэв.

Энэ жил 41 настай Роналдо зургаа дахь дэлхийн аваргадаа оролцож, бүгдэд нь гоол оруулав. Тэрбээр дэлхийн аваргын түүхэнд гоол оруулсан хамгийн ахмад тоглогчдын хоёрдугаар бичигдэж байна. Түүний дээр 42 насандаа гоол оруулсан Камеруны Рожер Милла бий.
Роналдо дэлхийн аваргад нийт арван гоол оруулаад байна.
Тоглолтын дараа Роналдо ярихдаа “Би үнэхээр баяртай байна. Гэхдээ миний хувьд хамгийн чухал зүйл нь бидний ажиллагаа, талбай дээр үзүүлсэн итгэл байлаа. Баг маань сайн тоглож, сайжирсан гэдгээ харууллаа. Хувийн амжилт ярихад үргэлж сайхан байдаг ч миний зорилго бол шигшээ багаа амжилтад хүргэхэд туслах” гэжээ.
