ХҮМҮҮС
Орос, Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээнд Европын талаас оролцох хамгийн боломжит хүнээр Владимир Путин Германы канцлер асан Герхард Шрёдерийг нэрлэсэн билээ. Германы эрх баригчид энэ саналыг анхааралтай авч үзэхийн зэрэгцээ болгоомжилж байна. Албан тушаалаас буусан хойноо ч Кремлийн тэргүүнтэй ойр дотно харилцаагаа хадгалсаар ирсэн Герхард Шрёдерийг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.
Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста саяхан “Европын холбоо Оростой хэлэлцээ хийж, Европын аюулгүй байдлын ирээдүйн бүтэц зохион байгуулалтын талаар ярилцах боломжтой” гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Путин Европтой хэлэлцээ хийх бол 1998-2005 онд Германыг удирдаж байсан Герхард Шрёдерийг илүүд үзнэ гэж өнгөрсөн долоо хоногт хэлжээ. Энэ мэдэгдлээс нэг өдрийн дараа Путин дөрвөн жил үргэлжилсэн дайн төгсөх дөхөж байна гэж мэдэгдээд, Зеленскийтэй Москвад, эсвэл аль нэг төвийг сахисан улсад нүүр тулан уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Герхард Шрёдер 1944 оны дөрөвдүгээр сарын 7-нд Германы Липпед төржээ. Түүний эцэг Фриц Шрёдер нь Германы армид цэрэг байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр амь үрэгджээ. Энэ үед Герхард зургаахан сартай байв. Эцэг нь дайнд амь үрэгдсэн учир түүнд цэргийн алба хаах шаардлага гараагүй аж. Харин ээж Эрика Шрёдер нь хоёр хүүгээ тэжээхийн тулд хөдөө аж ахуйн ажил хөдөлмөр эрхэлдэг байжээ. Дайны дараа Шрёдерийн амьдарч байсан бүс нутаг Баруун Германы нэг хэсэг болсон байна.

Тэрбээр 1958-1961 оны хооронд барилгын материалын дэлгүүрт худалдааны чиглэлээр дадлага хийж, дараа нь жижиглэн худалдааны дэлгүүрт ажиллажээ. Үүний дараа их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт болох “Abitur”-т бэлдэхийн тулд оройн сургуульд суралцахын зэрэгцээ мэргэжлийн бус барилгын ажилчин болон худалдагчаар ажилласан байна. Их сургуулийн элсэлтийн шалгалтдаа 1966 онд тэнцсэн Шрёдер Гёттингений их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцжээ.
Улмаар 1976 онд хуулийн чиглэлээр дахин улсын шалгалт өгч, 1990 он хүртэл өмгөөлөгчөөр ажиллажээ. Өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа тэр Германы зүүн жигүүрийн зэвсэгт бүлэглэл “Baader-Meinhof”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Махлерыг шоронгоос хугацаанаас нь өмнө суллуулах, мөн Германд дахин хуульчаар ажиллах зөвшөөрөл авахад нь тусалжээ. Энэ нь түүний шийдсэн хамгийн маргаантай хэргүүдийн нэгд тооцогддог.
1990 оны мужийн сонгуульд Германы социал демократ нам ялсны дараа Шрёдер Доод Саксон мужийн ерөнхий сайд болжээ. Тэрбээр 1994 болон 1998 оны сонгуулиудад ялалт байгуулснаар энэ албан тушаалаа үргэлжлүүлэн хашсан байдаг. Мөн энэ хугацаанд тэр Доод Саксон дахь Социал демократ намыг удирджээ.
Тэрбээр 1998-2005 онд Германы канцлераар ажиллахдаа Европын интеграцчилал, ажилгүйдлийг бууруулах, Германы иргэншлийн хуулийг либералчлах, цөмийн эрчим хүчийг хумих, эдийн засгийг сэргээхэд төвлөрсөн. Түүний албан тушаалын хугацаанд Герман, АНУ хоёр улсын харилцаанд ноцтой ан цав үүсч байв. Тухайн үед АНУ Саддам Хуссейнийг үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэж байна гэж буруутган, Иракт цэргийн ажиллагаа явуулсан. Харин Герман, Франц, Орос улсууд үүнийг эсэргүүцэж байжээ.
ГЕРМАН ДАХЬ ПУТИНЫ ХҮН














2005 онд албан тушаалаасаа буусныхаа дараахан Герхард Оростой холбоотой эрчим хүчний томоохон төслүүдэд ажиллаж эхэлсэн. Тухайлбал, тэрбээр “Хойд урсгал” хийн хоолойн төсөлд оролцсоноос гадна Оросын газрын тосны Роснефть компанийн ТУЗ-ийн гишүүн болжээ.
Герхард 2022 онд Роснефтийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалаасаа буусан ч барууны бусад удирдагчаас ялгаатай нь Путинтэй ойр дотно хэвээр үлдсэн юм. Энэ нь ч Германд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Путины ойрын хүний хувьд тэрбээр Оросын Украин дахь дайныг ч ил тод буруутгаагүй. Үүнээсээ болж канцлер аснуудад олгодог хэд хэдэн эрх ямбаа алдахад хүрчээ. Үндсэндээ Путинтэй ойр байдаг нь түүнийг эх орондоо маргаантай улстөрч гэж нэрлэгдэхэд хүргэсэн.
Герхард 2004 онд Путиныг өөлөх юмгүй ардчилсан хүн гэж нэрлэж байв.
Тухайн үед Украины сонгуульд Орос нөлөөлсөн гэх мэдээллүүд гарч байсан ч Герхард Германы канцлерын хувиар нэг ч үг дуугараагүй. Харин ч түүний эрин үед хоёр улсын эдийн засгийн харилцаа улам гүнзгийрч, худалдааны тоо хэмжээ өсч, Герман улс Оросын газрын тос, байгалийн хийнээс улам хамааралтай болсон байдаг.
Герхард Шрёдерийн бичсэн “Шулуун яриа” нэртэй ном бий. Энэ номдоо тэр 1980-аад онд Зүүн Германд КГБ-ийн тагнуулчаар ажиллаж байсан Путинтэй дотно гэдгээ бичсэн байна. Мөн Путиныг герман хэлтэй гэдгийг онцлон бичихдээ “Найз нөхөрлөлийн хамгийн чухал зүйл бол нэг хэлтэй байх явдал. Энэ нь бүх зүйлийг илүү амар болгодог” гэсэн байв.
Тэдний нөхөрлөл жил ирэх тусам улам гүнзгийрсэн гэдэг. Тиймдээ ч Герхард Орост хориг тавих, “Их-8”-аас хөөх санаачилгуудыг шүүмжилсээр ирсэн түүхтэй. Түүгээр ч үл барам Крымийг өөртөө нэгтгэсэн Оросын ажиллагааг 1999 онд НАТО-ийн Косовод хийсэн ажиллагаатай зүйрлэн хэлж, дэмжиж буйгаа илэрхийлж байжээ.
БӨГЖНИЙ ЭЗЭН




Тэрбээр таван ч удаа гэрлэж байжээ. Анхны эхнэр Эва Шубахтай 1968 онд гэрлээд 1972 онд салсан байна. Харин одоогийн эхнэр нь Со Ён Шрёдер Ким нь өмнөд солонгос хүн бөгөөд эдийн засагч, орчуулагч мэргэжилтэй. Түүнийг олон удаа гэрлэсэн болохоор нь “Audi Man” гэж хочилдог. Энэ нь Ауди машины лого дээрх дөрвөн цагирагтай холбоотой бөгөөд дөрөв дэх гэрлэлтийнхээ дараа тэр ийм хочтой болжээ.
Мөн олон удаа гэрлэж, бөгж зүүсэн гэдэг утгаар нь түүнийг Бөгжний эзэн гэж хочлох нь ч бий.
Кремльд элэгтэй Герхард хоёр ч хүүхэд Оросоос өргөж авсан аж. Дөрөв дэх эхнэртэйгээ байхдаа өргөж авсан хүүхдүүдийг нь Виктория, Грегор гэдэг. Тэднийг 2004, 2006 онуудад Санкт Петербургаас үрчилж авч байжээ.