Цахим сүлжээ нөхөрлөлийг бэхжүүлэхгүй

Инстаграм, ТикТок зэрэг цахим платформоор найз руугаа зурвас бичих нь та хоёрыг дотносуулдаг болов уу? Үгүй л байх. Цахим сүлжээний хэрэглээ таны нөхөрлөлийг бэхжүүлэхгүй, харин ч бүр ганцаардуулж мэдэх юм. Энэ талаар АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны хэвлэлд саяхан нийтлэгдсэн тайланд дурджээ.

Цахим хэрэглээ хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар янз бүрийн судалгаа хангалттай бий. Тэгвэл энэ судалгаа насанд хүрэгчдэд чиглэснээрээ онцлог байсан юм.

30-70 насны 1500 америк хүнээс авсан судалгааны дүнг харвал, хэзээ ч уулзаж үзээгүй хүнтэйгээ цахимаар харилцдаг хүмүүс бусдаас илүү ганцаардмал байдаг. Үүний зэрэгцээ цахим хэрэгслээр найз нөхөдтэйгөө харилцлаа гээд хүмүүсийн ганцаардал багасдаггүй болохыг тогтоожээ. Гэхдээ ганцаардсан хүмүүс цахим ертөнцөд танихгүй хүмүүстэй холбоо тогтоогоод байна уу, эсвэл танихгүй хүмүүстэй холбоо тогтоосон нь ганцаардлын шалтгаан болсон уу гэдэг тодорхойгүй. Судалгааг хариуцсан мэргэжилтнүүд эдгээрийн аль аль нь л үндэслэлтэй гэж үзэж байна.

Мэдээж бодит амьдрал дээр найз нөхөдтэйгөө байх нь хүмүүсийг ганцаардлаас авардаг болохыг тус судалгаа харуулсан байна.

Найзуудтайгаа бодитоор харилцахгүйгээр цахим орчинд л холбоотой байх нь алимны оронд алимны амттай овьёос идэхтэй адилхан гэж судалгаанд дурджээ. Алимны амттай овьёос гэдэс дүүргэж, сайхан амтагдах ч танд чухам хэрэгтэй шим тэжээлийг өгөхгүй аж.

Насанд хүрсэн америкчуудын тал хувь нь ганцаардлын мэдрэмжийг амсч үзсэн байдгийг 2023 оны өөр нэгэн судалгаанд танилцуулжээ. Мөн насанд хүрэгчдийн ганцаарлыг тахалтай зүйрлэсэн байдаг. Тус судалгаанд дурдсанаар, хүн нийгмээс тусгаарлагдмал байх нь өдөрт 15 ширхэг янжуур тамхи татсантай адил эрүүл мэндэд хортой.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн