Оросын газрын тосны танкер Куба улсыг зорилоо

Куба улсын газрын тосны импортыг АНУ хязгаарласнаар улс оронд эрчим хүчний хямрал нүүрлэсэн. Тэгвэл энэ эгзэгтэй цаг үед ОХУ-ын газрын тос ачсан танкер Кубыг зорин замдаа гарсныг далайн тээврийн хяналтын мэдээллээс харж болох аж.

Хориг арга хэмжээнд байдаг “Anatoly Kolodkin” танкер энэ сарын 8-ны өдөр Оросын Приморск боомтоос 730 мянган баррель газрын тос ачиж хөдөлжээ. Улмаар энэ Лхагва гаригт /2026.03.18/ Атлантын далайн зүүн хэсэгт Куба чиглэлд явж байсныг “Kpler” фирм мэдээлэв. Тус хөлөг хуваарийн дагуу 23-ны өдөр Куба улсын хойд хэсгийн “Matanzas” газрын тосны терминал дээр ачаагаа буулгана.

Оросын далбааг тээгч “Anatoly Kolodkin” хөлгийг Оросын төрийн өмчит “Sovcomflot” компани эзэмшдэг.

“Kpler”-ийн мэдээллээр Хонгконгийн далбаатай “Sea Horse” гэх өөр нэг танкер мөн Куба руу дизель түлш тээвэрлэсэн байж болзошгүй. Тодруулбал, тус хөлөг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Кипрээс 200 мянган баррель орчим дизель түлш ачиж хөдөлсөн бөгөөд Атлантын далайг гатлан баруунш чиглэсээр Лхагва гаригийн байдлаар Карибын тэнгисийн баруун хойд хэсэгт, Кубын эргээс 1500 км зайд очсон байна. Энэ хүртэл чиглэл нь тогтворгүй, удааширсан байдалтай явсныг мөн дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн