ОХУ-ын Батлан хамгаалах яам Украиныг Латвийн агаарын орон зайг ашиглан Санкт-Петербург хотын иргэний байгууламжууд руу нисгэгчгүй онгоцоор халдсан гэж буруутгаж байна. Москвагийн цагаар Пүрэв гаригийн /2026.05.07/ өглөөний 03:20 цагийн орчимд Латвийн агаарын орон зайд зургаан нисгэгчгүй онгоц илрүүлсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ. Улмаар Ан-196 Лютый хэмээх алсын тусгалын довтолгооны нисгэгчгүй онгоцыг Оросын агаарын орон зайд нэвтэрснийх нь дараа буудаж унагасан гэжээ. Ан-196 Лютый нь Украины нисгэгчгүй онгоц юм.
Үлдсэн таван нисгэгчгүй онгоц нь 04:00 цагийн орчимд Резекне хотын ойролцоо радараас алга болсон гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Үүний өмнөхөн Латви улс хэд хэдэн нисгэгчгүй онгоц нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн тухай мэдээлсэн. Тодруулбал, Пүрэв гаригийн өглөө Латвийн нутаг дэвсгэрт хоёр нисгэгчгүй онгоц осолджээ. Нэг нисгэгчгүй онгоц нь Резекне хотын зүүн хэсэгт байрлах газрын тос хадгалах байгууламжийг онож, гал гарсан байна. Латвийн Батлан хамгаалахын сайд Андрис Спрудсын хэлснээр, тэдгээр нисгэгчгүй онгоц Украиных бөгөөд Орос руу чиглэсэн байж магадгүй аж.
Украины эсрэг Оросын түрэмгийлэл үргэлжилсээр байгаа цагт гадаадын нисгэгчгүй онгоц Латвийн агаарын орон зайд нэвтрэх тохиолдол олон давтагдах магадлалтай гэж тэд үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Украины нисгэгчгүй онгоцууд Латви, Эстонийн агаарын орон зайд нэвтэрсэн билээ.