ОХУ Сармат пуужинг энэ оны эцэс гэхэд байлдааны ажиллагаанд ашиглана

ОХУ цөмийн хүчин чадлаа орчин үежүүлэх хүчин чармайлтын хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр тив алгасагч Сармат пуужингаа туршилтаар харвалаа. Путины мэдээлснээр, Сармат пуужинг энэ оны эцэс гэхэд байлдааны ажиллагаанд ашиглах аж. Энэ нь Зөвлөлтийн үеийн Воевода пуужинг шинэчлэн орлуулах зорилгоор зохион бүтээсэн пуужин юм. Сармат пуужин нь Воеводатай адил хүчтэй боловч илүү өндөр нарийвчлалтай.

Путин Сарматыг дэлхийн хамгийн хүчирхэг пуужин гэж тунхагласан билээ. Сарматын өөр өөр бай руу салж онилох чадвартай цэнэгт хошууны нийлбэр хүчин чадал нь барууны аль ч пуужингаас дөрөв дахин илүү юм. Үүний зэрэгцээ ирээдүйд бий болох ямар ч пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх боломжтой гэж Путин онцолсон байна.

Сармат пуужингийн хөгжүүлэлт 2011 онд эхэлсэн бөгөөд одоог хүртэл зөвхөн нэг амжилттай туршилт хийжээ. 2024 онд болсон бүтэлгүй туршилтын үеэр асар хүчтэй дэлбэрэлт гарсан гэх мэдээлэл бий. Тухайн үед Сарматыг Оросын хойд хэсэгт орших “Plesetsk Cosmodrome” хөөргөх талбайгаас хөөргөсөн байдаг. Гэвч хөөргөх талбай дээр том тогоо мэт хонхор үүссэний зэрэгцээ дэлбэрэлтийн үлдэгдэл байж болзошгүй зүйлс сансрын хиймэл дагуулын зургаас харагджээ.

Сармат нь хүнд ангиллын тив алгасагч баллистик пуужин төрөлд багтдаг. Стратеги болон олон улсын судалгааны төвийн мэдээлснээр Сармат пуужин 10 тонн хүртэл ачаа тээвэрлэх чадвартай.

ОХУ Сармат пуужингаас гадна дууны хурднаас 27 дахин хурдан нисэх чадвартай Авангард систем, цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай Орешник дунд тусгалын баллистик пуужин, Посейдон усан доорх дрон, Буревестник далавчит пуужингуудыг заримыг нь хөгжүүлж, заримыг нь хэдийнэ ашиглалтад оруулж эхлээд байна. Путин эдгээр шинэ зэвсгийг АНУ-ын хамгаалалтын системийг сэтлэх зорилготой хариу арга хэмжээ гэж тодорхойлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн