“ОХУ биднийг хүний хүчин зүйлээс үүдэлтэй сүйрлийн ирмэгт дахин авчраад байна”

Чернобылийн атомын цахилгаан станцын ослын 40 жилийн ой дөрөвдүгээр сарын 26-ны Ням гаригт болсон. Энэ өдөр Украины ерөнхийлөгч Зеленский Оросыг цөмийн терроризм үйлдэж байна гэж буруутгав. Хамгийн сүүлийн халдлагаараа ОХУ шөнийн турш 100 гаруй дроныг Украин даяар харвасан бөгөөд таван хүн амиа алдсан байна.

Зеленский цахим сүлжээндээ “ОХУ-ын довтолгоо дэлхий ертөнцийг хүний хүчин зүйлээс үүдэлтэй сүйрлийн ирмэгт дахин авчраад байна. Оросын дронууд Чернобылийн дээгүүр байн байн нисч байна. Өнгөрсөн жил л гэхэд нэг дрон хамгаалалтын давхаргыг нь оносон. Дэлхийн улс орнууд энэ цөмийн терроризмыг үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрч болохгүй. Оросыг энэ болчимгүй довтолгоогоо зогсоохыг албадах л хэрэгтэй” гэжээ.

Чернобылийн ослын ойн арга хэмжээнд Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси, Молдавын ерөнхийлөгч Майя Санду нар оролцсон байна.

Станцын хамгаалалтын давхаргад учирсан гэмтлийг энэ чигээр нь орхиж болохгүй, засварыг аль хурдан эхлүүлэх хэрэгтэй. Эс бол цацраг идэвхт бодис алдагдах эрсдэлд хүрээд буйг Рафаэль Гросси анхааруулжээ. Мөн засварын ажилд дор хаяж дөрвөн жил шаардагдахыг “Greenpeace” байгаль орчны байгууллага сануулсан байна.

ОХУ-ын “Росатом” агентлаг албан мэдэгдэлдээ “Чернобылийн ослыг дурсана гэдэг нь зөвхөн хохирогчдыг дурсан санахыг хэлэхгүй. Харин өнөөдөр бид гаргаж буй шийдвэр бүртээ Чернобылийн алдааг тусгаж, санаж сэрэмжлэхийг хэлнэ” гэжээ. “Росатом” агентлаг Оросын довтолгооны эхэн үеэс Запорожьег хариуцах болсон. Запорожьегийн атомын цахилгаан станц одоогоор ажиллахгүй байгаа бөгөөд станцыг онилсон гэж Орос, Украины талууд бие биеэ буруутгасан байр суурьтай байдаг.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн