Бразилын шигшээ багийн довтлогч Неймар ирээдүйн карьерынхаа талаар ямар нэгэн эцсийн шийдвэр одоогоор гаргаагүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ энэ оны арванхоёрдугаар сард “Сантос” клубтэй байгуулсан гэрээ нь дууссаны дараа мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлэх боломжийг үгүйсгээгүй байна.
Неймар өнгөрсөн долоо хоногт Бразилын шигшээ багийн тоглолтоос зодог тайлж байгаагаа зарласан. Дараа нь тэрбээр Даваа гаригт (2026.08.03) Сан-Паулу хотод болсон “Neymar Jr. Institute”-ийн дуудлага худалдааны үеэр өөрийн “YouTube” сувгаар дамжуулан “Дахиад хэр удаан тоглохоо мэдэхгүй байна. Зодог тайлах талаар одоогоор бодоогүй. Гэхдээ хэр удаан үргэлжлүүлэхээ бас мэдэхгүй” гэж ярьжээ.
Мөн “Сантос клубтэй байгуулсан гэрээ нь арванхоёрдугаар сард дуусна. Тэр хүртэл багийнхаа өмсгөлийн нэр хүндийг хамгаалан, чадах бүхнээ хийхийг хүсэж байна. Харин гэрээ дууссаны дараа Сантост үлдэх үү, өөр клубт шилжих үү, эсвэл хөлбөмбөгөө орхих уу гэдгээ шийднэ” гэж Неймар хэлсэн байна.
Өдгөө 34 настай Неймар Бразилын шигшээ багийн түүхэн дэх шилдэг тоглогч бөгөөд 130 тоглолтод 80 гоол оруулжээ. Тэрбээр энэ зуны ДАШТ-д бэртлийн улмаас Бразилын таван тоглолтын ердөө хоёрт нь оролцсон байна. Бразилын шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Норвегийн багт 1:2 харьцаагаар хожигдсон нь Неймарын хувьд дэлхийн аваргын тэмцээнд хийсэн 15 дахь тоглолт болсон юм.
Ингэснээр тэр Бразилын домогт хөлбөмбөгчин Пелетэй ижил тооны ДАШТ-ий тоглолтод оролцсон амжилтад хүрсэн байна. Неймар “Сантос” клубээс гадна Испанийн “Барселона”, Францын “Пари Сен-Жермен”, Саудын Арабын “Аль-Хилал” багуудад тоглож байсан бөгөөд 2025 онд өсөж төрсөн “Сантос” клубтээ эргэн иржээ.