Нас барсан донороос шилжүүлэн суулгасан умайд бойжсон анхны британи хүүхэд мэндэлжээ

Их Британи улсад донороос шилжүүлэн суулгасан умайд бойжсон анхны хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Гайхамшиг гэж нэрлэгдээд буй бяцхан хүү Хюго өнөөдөр 10 долоо хоногтой болоод байна.

Хюго хүү 2025 онд зул сарын баярын өмнөхөн баруун Лондон дахь “Queen Charlotte’s and Chelsea” эмнэлэгт төржээ. Хүү 3.1 кг жинтэй төрсөн байна.

Хүүгийн ээж Грэйс Белл 30 гаруй настай. Тэр бол “MRKH” хам шинж гэж нэрлэгддэг өвчнөөр шаналж буй 5000 орчим британи эмэгтэйн нэг. “MRKH” хам шинжтэй эмэгтэйчүүд төрөлхийн умайгүй бөгөөд сарын тэмдэг ирдэггүй, гэхдээ хэвийн өндгөвчтэй байдаг. Грэйс Белл 16 настайдаа хүүхэд тээх боломжгүй гэдгээ анх мэдсэн байна. Белл болон түүний нөхөр Стив Повелл нарын хувьд умай шилжүүлэн суулгах, эс бол тээгч эх хөлслөх нь л үр хүүхэдтэй болох арга байв. Тэд энэ гайхалтай бэлгийг өгсөн донор болон донорын гэр бүлд, Оксфорд, Лондонгийн эмч нарын багт талархлаа илэрхийлж байна.

Умай шилжүүлэн суулгах хагалгааг 2024 оны зургадугаар сард Оксфордын “The Churchill” эмнэлэгт хийсэн бөгөөд 10 цаг үргэлжилжээ. Үүнээс хэдэн сарын дараа Белл, Повелл нар Лондонгийн “The Lister” үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандсан байна.

Мэс заслын багийнхан энэ төрөлтийг урьд өмнө байгаагүй эргэлтийн мөч гэж нэрлэсэн юм. Мэдээж энэ төрөлт Беллтэй ижил оноштой олон эмэгтэйд итгэл найдвар бэлэглэсэн болов уу. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах хагалгааг одоогоор 10 эмэгтэйд хийхээр төлөвлөсөн. Эндээс гурван эмэгтэйд хагалгааг амжилттай хийж, нэг хүүхэд нь эсэн мэнд төрөөд байна.

Өмнө нь 2025 оны эхээр тус улсад шилжүүлэн суулгасан умайд бойжсон хүүхэд төрсөн боловч энэ нь амьд донорын умай байснаараа ялгаатай.

Дашрамд дурдахад, Белл, Повелл нар дахин нэг хүүхэд тээж төрүүлэх шийдвэр гаргаж ч магадгүй байна. Үүний дараа Беллийн шилжүүлэн суулгасан умайг эргүүлэн авах аж. Энэ нь Беллийг насан туршдаа хүчтэй эмнээс хамааралтай байлгахгүйн тулд юм. Нас барсан донорын умайг шилжүүлэн суулгасны дараа төрсөн хүүхэд донортой ямар ч генетикийн холбоогүй байдаг. Дэлхий даяар өнөөг хүртэл 100 гаруй удаа умай шилжүүлэн суулгах хагалгаа хийгджээ. Үүний үр дүнд 70 гаруй эрүүл саруул хүүхэд мэндэлсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн