Монголын PM2.5-ийн дундаж агууламж 31 хувиар буурчээ

“IQAir”-ийн шинэ тайланд дурдсанаар 2025 оны хамгийн их агаарын бохирдолтой улсаар Пакистан тодорсон байна. Энэ тайланг PM2.5 гэж нэрлэгддэг, уушги болон цусанд нэвтэрч чаддаг маш жижиг хорт тоосонцрын хэмжээг нь судалж, гаргажээ. Тодруулбал, Пакистаны PM2.5-ийн дундаж хэмжээ нэг шоо метр агаарт 67.3 микрограмм байсан байна. Энэ нь “World Health Organization”-оос тогтоосон аюулгүй түвшин болох таван микрограммаас 13 дахин их үзүүлэлт юм. 2024 онд тус хэмжээ Пакистанд бүр өндөр буюу 73.7 микрограмм байжээ.

Судалгаанд хамрагдсан 143 орноос ердөө 13 нь л ДЭМБ-ын аюулгүй стандартын түвшинд нийцэж байв. Энэ нь 2024 онд долоон орон байсан үзүүлэлтээс нэмэгдэж, сайжирсан мэт харагдаж байгаа ч дэлхийн ихэнх орнууд бохир агаараар амьсгалж байгааг харуулж байна. Бангладеш болон Тажикистан улс 2025 онд хамгийн их бохирдолтой орнуудын жагсаалтын хоёр, гуравдугаар байрт оржээ. Харин 2024 онд тэргүүлж байсан Чад улс дөрөвдүгээр байрт орсон байна. Гэхдээ зарим мэдээлэл дутуу байсан тул энэ өөрчлөлт бодитой биш байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Энэхүү тайланд дэлхийн 9400 гаруй хотын мэдээллийг ашигласан байна. Гэвч Бурунди, Туркменистан, Того зэрэг улсууд мэдээлэл дутмаг байсан тул жагсаалтад ороогүй. Үүнд АНУ-ын элчин сайдын яамд болон консулын газруудаас агаарын чанарын мэдээлэл цуглуулдаг хөтөлбөр зогссон нь нөлөөлсөн байна. PM2.5 бохирдол нь хүний эрүүл мэндэд маш аюултай. Энэ нь дутуу төрөлт, дементиа, Паркинсоны өвчин, Альцгеймер зэрэг ноцтой өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шинжээчдийн үзэж байгаагаар найдвартай мэдээлэл, бодит арга хэмжээ байхгүй бол дэлхийн агаарын бохирдлыг бүрэн ойлгож, бууруулахад хүндрэлтэй хэвээр байх болно.

Энэтхэгийн хойд хэсэгт орших Лони хот нь 2025 онд дэлхийн хамгийн бохирдолтой хотоор шалгарч, PM2.5-ийн дундаж хэмжээ нэг куб метрт 112.5 микрограмм байжээ. Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан мужийн Хотан хот 109.6 микрограмм агууламжтайгаар хоёрдугаарт бичигдсэн байна. Түүнчлэн дэлхийн хамгийн бохирдолтой 25 хот бүгдээрээ Хятад, Энэтхэг, Пакистанд байгааг тайланд дурджээ. Мөн 2025 онд дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь ДЭМБ-ын агаарын чанарын стандартыг хангасан нь өмнөх оны мөн үеийн 17 хувиас буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн жил ДЭМБ-ын удирдамжийг хангасан 13 орны тоонд Австрали, Исланд, Эстони, Панам багтжээ. Лаос, Камбож, Индонез улсууд 2024 онтой харьцуулахад PM2.5-ийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан нь голчлон Ла Нина үзэгдлийн улмаас үүссэн чийглэг, салхитай цаг агаартай холбоотой гэж мэдээлсэн.

Монголын PM2.5-ийн дундаж агууламж 31 хувиар буурч, нэг куб метрт 17.8 микрограмм болжээ.

Нийтдээ 2025 онд 75 оронд PM2.5-ийн түвшин өмнөх оны мөн үеэс бага байсан бол 54 оронд дундаж агууламж өндөр байгааг “IQAir” мэдээлэв. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ойн түймэр нь 2025 онд дэлхийн агаарын чанарыг доройтуулах гол хүчин зүйл болсон бөгөөд Европ, Канадад биомассын шаталт дээд хэмжээнд хүрч, ойролцоогоор 1,380 мегатонн нүүрстөрөгч ялгаруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн