Алдарт Луврын музейд өнгөрсөн оны аравдугаар сард хулгай орж, 102 сая ам.доллараар үнэлэгдэх үнэт эдлэлүүд үгүй болсон билээ. Эзэн хаан Наполеоны эхнэртээ өгч байсан алмаз, маргад эрдэнийн зүүлт, III Наполеоны эхнэр Евгений хатны титэм, хатан хаан Мари-Амелигийн эзэмшиж байсан хэд хэдэн эд зүйлс зэрэг үнэлж баршгүй эд зүйлс энэ үед алдагдсан.
Тэгвэл энэ хулгайгаас дөрвөн сарын дараа музейн захирал Лоуренс дес Карс ерөнхийлөгч Эммануэль Макронд огцрох өргөдлөө өгчээ. Музейд аюулгүй байдал, шинэчлэлтэй холбоотой томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд тайван байдал, шинэ хөдөлгөх хүч хэрэгтэй байгаа үед ийм шийдвэр гаргасныг нь Макрон сайшаасан байна.
Хулгай гарснаас хойш дөрвөн сэжигтнийг баривчилсан билээ. Тэд зугтаж явахдаа Евгений хатны алмаз шигтгээтэй титмийг унагаасан байсан. Луврын музей энэ сарын эхээр эвдэрч гэмтсэн титэмний зургийг нийтлээд, бүрэн сэргээн засварлах боломжтой гэж мэдэгджээ.
Луврын музейд жилдээ 8.7 сая гаруй хүн зочилдог. Ийм их хөл хөдөлгөөнтэй байдаг хэрнээ аюулгүй байдалд хангалттай хөрөнгө зарцуулаагүй нь шүүмжлэл дагуулаад буй. Хулгай гарсны дараахан музейн захирал Лоуренс дес Карс байгууламжийн эргэн тойрны хяналтын камерууд хуучирсан, сайн ажиллагаагүй болсон байсныг хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн цорын ганц гадаах камер нь үнэт эдлэлүүдийг хадгалдаг Аполло галлерейгаас хамаагүй хол байсан аж.Лоуренс дес Карс 2021 онд Луврейн музейн захирлаар томилогдсон. Тэрбээр хяналтын камерын тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байсан гэдгээ хэлжээ.