Куба руу газрын тос тээвэрлэсэн гэх мэдээллийг ОХУ баталгаажуулжээ

ОХУ газрын тос тээвэрлэсэн танкераа Куба руу илгээсэн гэх мэдээлэл үнэн болохыг Кремлийн Эрчим хүчний сайд Сергей Цивилев баталжээ. Тэрбээр “Бид хүмүүнлэгийн тусламж илгээсэн. Куба улс хориг арга хэмжээний дарамт дор хүнд байдалд байна. Тийм учраас бид хүмүүнлэгийн тусламж илгээж байна” гэжээ.

Куба улсын эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор шийддэг бөгөөд өмнө нь Венесуэлийн нийлүүлэлтээс хамааралтай байсан. Гэвч АНУ-ын цэргийн ажиллагаагаар Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдсанаар тээвэрлэлт зогссон. Эрчим хүчний хориг нь тус улсын эдийн засгийн хямралыг улам бүр гүнзгийрүүлж, ойр ойр тог цахилгаан тасалддаг болоод байна.

Оросын танкер энэ сарын эхээр Кубад түлш нийлүүлснийг “The Financial Times” өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үүний хариуд АНУ-ын Сангийн яам Оросын танкеруудад хамаарах хориг арга хэмжээнээс түр чөлөөлөх журмаа өөрчилсөн байна. Шинэ өөрчлөлтийн дагуу Кубатай холбоотой аливаа гүйлгээг хоригложээ.

Кубын эрэгт нарны хавтан, унадаг дугуй, хоол хүнс, эм зэргийг тээвэрлэсэн хэд хэдэн хөлөг онгоц сүүлийн өдрүүдэд ирж зогсчээ. Энэ мэт тусламжийн ажиллагааг олон улсын улстөрчид, идэвхтнүүд болон бусад нөлөө бүхий хүмүүс зохион байгуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн