Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Жү Эг залгамжлагчаараа сонгосон гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага болох Үндэсний Тагнуулын Алба (NIS) мэдэгдлээ. Ким Жү Э ойролцоогоор 13 настай. Сүүлийн үед тэрбээр аавтайгаа хамт олон нийтийн арга хэмжээнд илүү их харагдах болсон. Мөн есдүгээр сард Бээжин хотод айлчилсан бөгөөд энэ нь түүний гадаадад хийсэн анхны айлчлал гэж үзэж байна.
“NIS”-ийн мэдээлснээр, Ким Жү Э чухал арга хэмжээнүүдэд тогтмол оролцож байгаа тул албан ёсоор дараагийн удирдагчаар бэлтгэгдэж эхэлсэн.
Зарим хууль тогтоогчдын хэлснээр, тэр төрийн бодлогын талаар санал бодлоо илэрхийлж эхэлсэн ч байж магадгүй аж. Ким Жү Э олон нийтийн өмнө гарч ирснээсээ хойш Хойд Солонгосын хоёр том, чухал арга хэмжээнд оролцсон. Тодруулбал, тус улсын Ардын армийн ой болон хуучин удирдагчид залардаг газар болох Кымсусаны Нарны ордонд зочилсон. Мөн “NIS” энэ сарын сүүлээр болох Хөдөлмөрийн намын их хурлыг ажиглаж байна. Энэ хурал таван жил тутам болдог бөгөөд гадаад бодлого, цэргийн төлөвлөгөө, цөмийн зэвсгийн талаарх дараагийн таван жилийн зорилтуудыг зарладаг чухал арга хэмжээ юм.
Ким Жү Э бол Ким Жон Ун болон түүний эхнэр Ри Сол Жү нарын олон нийтэд ил болсон цорын ганц хүүхэд юм.
Өмнөд Солонгосын мэдээлснээр, Ким Жон Унд том хүү байж магадгүй ч тэр хүүг хэзээ ч олон нийтэд харуулж байгаагүй. Дэлхий нийт Ким Жү Эгийн талаар анх 2013 онд олж мэдсэн. Америкийн сагсан бөмбөгийн тоглогч Деннис Родман Хойд Солонгост айлчлахдаа түүнийг нялх байхад нь тэвэрч байсан гэж хэлсэн юм. Ким Жү Э 2022 онд анх удаа Хойд Солонгосын телевизээр гарсан. Тэр үед аавтайгаа хамт тив алгасагч пуужинг шалгаж байв. Үүнээс хойш тэрбээр төрийн хэвлэл мэдээллээр олон удаа гарч ирсэн төдийгүй Ким Жон Уны олон улс дахь дүр төрхийг илүү зөөлрүүлсэн.

Олон нийтийн арга хэмжээн дээр Ким Жү Э аавынхаа хажууд зэрэгцэн алхаж, заримдаа бүр түүнээс өндөр харагддаг. Хойд Солонгост төрийн хэвлэлд нийтлэгддэг зургууд их бэлгэдэлтэй тул удирдагчтай ижил байрлалд харагдах нь өндөр байр суурийг илтгэдэг. Гэхдээ зарим хүмүүс Ким Жү Эг залгамжлагчаар сонгосонд гайхаж байна. Хойд Солонгос нь уламжлалт, эцгийн эрхт ёс давамгайлсан улс юм. Улмаар зарим шинжээч нар эмэгтэй хүн удирдагч болно гэдэгт өмнө нь итгэлгүй байсан. Гэсэн хэдий ч Хойд Солонгост нөлөө бүхий өндөр албан тушаалтай өөр нэг эмэгтэй бий. Тэр бол Ким Жон Уны дүү Ким Ё Жон юм. Ким Ё Жон тус улсын Хөдөлмөрийн намын Төв хороонд өндөр албан тушаал хашдаг бөгөөд ахдаа ихээхэн нөлөөтэй гэж үздэг.
Мөн Ким Жон Ун одоогоор харьцангуй залуу, эрүүл саруул харагдаж байгаа. Гэхдээ яагаад ийм эрт, тэр тусмаа 13 настай хүүхдийг залгамжлагчаар тодруулж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Ирээдүйд Ким Жү Э улс орноо хэрхэн удирдах нь одоогоор тодорхойгүй. Ким Жон Ун анх засгийн эрхэнд гарахад зарим хүмүүс түүнийг улс орноо гадаад ертөнцөд нээнэ гэж найдаж байсан ч тийм зүйл болоогүй. Хэрэв Ким Жү Э ирээдүйд удирдагч болбол тэрбээр улс орныхоо ирээдүйг өөрийнхөөрөө тодорхойлох маш их эрх мэдэлтэй байх болно.