Жефф Безосын “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ. “Hotfire” туршилт эхэлснээс хэдхэн секундын дараа асар том галт бөмбөлөг Кеннеди сансрын төвийн хөөргөх талбайг бүхэлд нь бүрхэж сүйтгэв. Дэлбэрэлтийн улмаас өмнө зүгт 185 км зайд орших Форт Пирст хүртэл тэнгэр улбар шар өнгөтэй харагджээ.
“New Glenn” нь “NASA”-ийн сарны хөтөлбөрт ашиглах, сансрын нисэгчдийг сарны гадаргуу дээр хүргэх төхөөрөмжүүдийг хөөргөхөд зориулагдсан пуужин юм. “NASA” энэ жил гурван хөөргөлт төлөвлөсний нэг гэрээг нь “Blue Origin” авчээ. Эдгээр хөөргөлт нь 20 тэрбум ам.долларын өртөгтэй сарны баазын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд зориулагдсан юм.
Жефф Безос цахим хуудсандаа “Компанийнхаа бүх ажилтын бүртгэж, шалгасан. Бүгд аюулгүй, хэн ч бэртэж гэмтээгүй. Маш хүнд өдөр байлаа” гэж харамсан бичжээ.
Харин “NASA”-ийн захирал Жаред Исаакман “Сансрын нислэг бол өршөөлгүй салбар. Шинэ хүнд даацын пуужингийн чадавхийг хөгжүүлэх туйлын хэцүү байдаг. Бид дэлбэрэлтийг нарийвчлан шалгах ажиллагааг дэмжин ажиллаж, ойрын хугацааны нислэгүүдэд үзүүлэх нөлөөг үнэлж, дахин пуужин хөөргөх ажилдаа эргэн орно” гэжээ.