Тегераны эрх баригчид Израиль, АНУ-тай хийсэн дайны өмнө болон дайны үеэр Ираны жижиг зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа явуулж, олон хүнийг баривчилсан тухайгаа удаа дараа мэдээлжээ. Мөн улсын хил орчимд зэвсэгт бүлэглэлүүдтэй мөргөлдөөн болсон талаар мэдээлж байна. Энэ хүрээнд эрх баригчид дайныг үндэсний аюулгүй байдлаа хамгаалах тэмцэл гэж тайлбарлаж, нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байгаагаа дотоодын болон гадаадын олон нийтэд харуулахыг зорьж байгаа аж.

Тухайлбал, Ираны төрийн хэвлэл Ням гаригт (2026.09.06) “хувьсгалын эсрэг” болон хаант засаглалыг дэмжигч бүлэглэлүүдтэй холбоотой найман хүнийг баривчилсан гэж мэдээлжээ. Тэднийг нэгдүгээр сард улс даяар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр шатамхай бодис бүхий гар хийцийн бөмбөг ашиглаж, дугуй шатаасан хэрэгт буруутгасан байна.

ХААНТ ЗАСГИЙГ ДЭМЖИГЧДИЙГ ЯАГААД ОНЦОЛЖ БАЙНА ВЭ?

Ираны хаант засаглал 1979 онд унаснаас хойш анх удаа хаант засгийг сэргээх үзэл санаа сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Тус улсын сүүлчийн шах Мохаммад Реза Пехлевийн хүү Реза Пехлеви өнөөгийн засгийн газрыг шүүмжилж буй гол хүмүүсийн нэг юм. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард иранчуудыг ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалж байжээ.

Гэхдээ Иранд Реза Пехлевийг дэмжсэн уриа лоозон гарч байсан ч хаант засгийг дэмжсэн томоохон, зохион байгуулалттай зэвсэгт бүлэглэл одоогоор байхгүй гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд Иранд болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын гол шалтгаан нь хаант засгийг сэргээхээс илүүтэй эдийн засгийн хүнд нөхцөл, ажилгүйдэл, амьжиргааны асуудал болон эрх баригчдын хатуу бодлогыг эсэргүүцсэн явдал байжээ. Гэсэн хэдий ч Ираны эрх баригчид нэгдүгээр сарын жагсаалыг АНУ, Израилийн дэмжлэгтэй “төрийн эргэлт хийх оролдлого” гэж үзэж, үүнд хаант засгийг дэмжигчдийг оролцсон гэж буруутгаж байна.

Тус улсын Тагнуулын яам гуравдугаар сард 26 мужид үйл ажиллагаа явуулсан гэх 111 “хаант засгийг дэмжигч бүлэглэл”-ийн гишүүдийг баривчилсан гэж мэдээлж байжээ. Мөн дайны эхэн үеэс хойш Ираны шүүх олон арван хоригдолд цаазаар авах ял гүйцэтгэсэн. Тэдний зарим нь нэгдүгээр сарын эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүс байжээ.

ИРАНД ЯМАР ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛҮҮД БАЙНА ВЭ?

Ираны хувьд хамгийн том зэвсэгт бүлгийн нэг нь тус улсын баруун хил орчимд үйл ажиллагаа явуулдаг курд зэвсэгт бүлэглэлүүд юм. Эдгээр бүлэглэлийн хэд хэд нь Иракийн хойд хэсгийн өөртөө засах Курдистаны бүс нутагт олон жилийн турш байрлаж ирсэн. Ираны эрх баригчид тэднийг “террорист байгууллага” гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд Ирак дахь тэдний байрлалд цохилт өгч байжээ.

Мөн Ираны зүүн өмнөд хил орчимд балоч үндэстний салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс хамгийн нөлөө бүхий нь “Жайш аль-Адль” юм. Тус бүлэглэлийн гишүүдийг наймдугаар сарын сүүлээр баривчилсан гэж Ираны аюулгүй байдлын байгууллагууд мэдээлсэн байна. Эл үеэр нэг зэвсэгт этгээдийг устгаж, зургаан хүнийг баривчилсан бөгөөд буу, гранатомёт болон тэсрэх бодис хураан авсан гэж мөн мэдээлжээ.

Гэсэн хэдий ч тус бүлэглэл үе үе халдлага үйлдсээр байгаа аж. Зарим халдлагын үеэр цагдаа болон Исламын хувьсгалын гвардийн корпусын алба хаагчид амиа алдсан байна.

АНУ ИРАНЫ ДОТООД ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад өндөр албан тушаалтнууд нэгдүгээр сард Иранд болсон эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, жагсагчдыг Исламын Бүгд Найрамдах засгийг түлхэн унагаахын төлөө тэмцэхийг уриалж байв. Дайн эхэлснээс хойш Вашингтоны зүгээс Ираны эрх баригчдад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх тухай мэдэгдлүүд үргэлжилж байна.

Трамп өнгөрсөн долоо хоногт дайн, эдийн засгийн хориг арга хэмжээ болон Ираны өмнөд боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлт зэрэг дарамт нь тус улсад шинэ эсэргүүцлийн хөдөлгөөн үүсгэж, улмаар одоогийн засаглалд нөлөөлж болзошгүй талаар ярьжээ.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент ч эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрвэл иранчууд дахин гудамжинд гарч, тэр ч байтугай Исламын хувьсгалын гвардийн корпусын дотор хагарал үүсч болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар курд болон балоч зэвсэгт бүлэглэлүүд дангаараа Ираны засгийн газарт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрээгүй байна. Харин АНУ-ын зүгээс эдгээр бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлж, улмаар Иран дотооддоо цэргийн ажиллагаа явуулах нөхцөл бүрдвэл нөхцөл байдал илүү хүндрэх эрсдэлтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн