Ормузын хоолойг бүрэн нээхгүй бол Иранд цохилт өгнө гэж Дональд Трамп анхааруулж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр хийсэн үр дүнтэй хэлэлцээний үр дүнд АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад тав хоногийн хугацаанд цохилт өгөхгүйгээр тохирсон гэж Трамп мэдэгдлээ.
Трампын хэлснээр АНУ, Ираны хэлэлцээ нь 15 зүйлтэй. Гэхдээ эндээс ердөө нэгийг л онцолсон нь иранчууд цөмийн зэвсэггүй байх амлалт өгсөн явдал аж.
Хэлэлцээнд АНУ-ын талаас Стив Виткофф, Жаред Кушнер нар оролцжээ. Харин Ираны талаас хэн оролцсон нь тодорхойгүй бөгөөд Трамп зөвхөн хүндлэгдсэн удирдагч гэх үгийг л ашигласан байна.
АНУ, Ираны хооронд үргэлжилж буй хэлэлцээ дайныг зогсоож чадна гэж Трамп мэдэгдсэний дараа газрын тосны үнэ огцом унажээ. Тухайлбал, дэлхийн газрын тосны жишиг брент маркын нефтийн үнэ өдрийн эхээр нэг баррель нь 114 ам.доллар болж өссөн байсан ч эргээд долоогоос дээш хувиар унаж, 99 ам.доллар хүрсэн байна. Харин АНУ-ын жишиг “WTI” газрын тосны үнэ найман хувиар буурч, нэг баррель нь 90 ам.доллар болжээ.
Гэвч Ираны тал Трампын мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Бид АНУ-тай ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй гэж Ираны Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Мөн Трампын мэдэгдлийг эрчим хүчний үнийг бууруулж, цаг хожих гэсэн оролдлого гэв. Тэрбээр “Бүс нутгийн улс орнуудын зүгээс хурцадмал байдлаа бууруулаач гэсэн санаачлагууд гарч байна. Бидний зүгээс тэдэнд өгөх хариулт тодорхой. Бид дайныг эхлүүлээгүй. Наад бүх хүсэлтээ АНУ-д л уламжил” гэжээ.