Энэтхэгт төрж өссөн Шубанги Сэт урьд нь Италийн Комо нуурын эрэгт хуримлана гэж мөрөөддөг байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний мөрөөдөл өөрчлөгдөж, эх орондоо уламжлалт байдлаар хуримлах нь илүү дээр санагдах болжээ.
Энэтхэгийн удирдагч Нарендра Моди яг л үүнийг залуусаас хүсч байгаа аж. Улс орны соёл, эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс гадаадад хуримлахгүй байхыг тэр уриалж байна. Тэрбээр саяхны нэгэн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “Хилийн чанадад хуримладаг трэнд хурдацтай хөгжиж байна. Гэхдээ энэ нь гадаад валютын зардалтай холбоотой асуудал гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Хурим хийхэд тохирсон үзэсгэлэнтэй бөгөөд ариун газар манай Энэтхэгээс өөр байхгүй гэдэгт би итгэж байна” гэжээ.
Модигийн энэ уриалга цоо шинэ зүйл биш ч гэлээ Ираны дайнаас шалтгаалаад улам ач холбогдолтой болжээ.
Энэтхэг улс газрын тос, байгалийн хийнийхээ 90 орчим хувийг импортолдог. Үүний дийлэнх нь Ойрхи Дорнодоос ирдэг аж. Ормузын хоолойг тойрсон асуудлууд нь аль хэдийнэ суларсан байсан рупигийн ханшийг улам унагаж байна. Иймд Нарендра Моди 1.4 тэрбум ард иргэддээ хандан түлшээ хэмнэх, зайнаас ажиллах, баяр ёслолыг эх орондоо тэмдэглэхийг уриалж байна.
Энэтхэгчүүдийн хуримлах соёл сүүлийн жилүүдэд Болливудын тансаг байдал, алдартнуудын соёл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр ихээхэн өөрчлөгдсөн. АНУ-ын хөрөнгө оруулалтын банк Jefferies-ийн тайланд дурдсанаар, энэтхэгчүүд олон өдөр дамнан, өндөр өртөгтэй хуримлах нь элбэг болжээ. Энэтхэгчүүдийн хуримд зарцуулдаг мөнгө хоол хүнсний араас хоёрдугаарт ордог. Тайланд дурдсанаар, энэ зах зээл АНУ-ынхаас бараг хоёр дахин том аж. Мөн Энэтхэгт жилд 8-10 сая хурим болдогийг тайланд дурджээ.
Моди улс төрийн брэндээ эдийн засгийн хөгжил, бие даасан байдал, үндэсний бахархал гэсэн чиглэлээр хөгжүүлдэг. Тэрбээр 2014 онд “Энэтхэгт үйлдвэрлэе” санаачлагыг эхлүүлсэн бол өдгөө үүнийгээ “Энэтхэгт хуримлая” болгож өөрчлөөд байна.