Индонези улс 11 жил хоригдсон америк эрийг нутаг буцаажээ

Индонези улс тухайн үеийн найз охиныхоо ээжийг санаатайгаар хөнөөсөн хэргээр 11 жил шоронд хоригдсон америк эрэгтэйг Мягмар гаригт (2026.02.24) суллаж, албадан гаргажээ. Тус гэмт хэрэг Бали хотод болсон аж. Тодруулбал, Томми Шейферт 2014 онд тансаг зэрэглэлийн амралтын газар Хизер Макийн ээж Шейла фон Визе-Макийг хөнөөсөн хэргээр 18 жилийн хорих ял сонссон байдаг бөгөөд энэ хэргийг Балигийн “чемодантай аллага” гэж нэрлэж байв. Шейферийг хоригдож байх хугацаандаа онц сайн байсан тул хэд хэдэн удаагийн өршөөл үзүүлж, Мягмар гаригийн орой Балигийн олон улсын нисэх онгоцны буудлаас АНУ руу буцаан илгээсэн гэж Цагаачлалын ерөнхий газрын Балигийн бүсийн газрын дарга Фелусия Сенги Ратна мэдэгдэлдээ дурджээ.

Чикагогийн чинээлэг нийгмийн зүтгэлтэн 62 настай Шейла фон Визе-Макийн хүнд гэмтсэн цогцос 2014 оны наймдугаар сард тансаг зэрэглэлийн Сент Режис Бали амралтын газарт зогсоол дээр байсан таксины тээшнээс олдсон.

Цагдаа нар цогцос олдсоноос нэг өдрийн дараа 19 настай, хэдэн долоо хоногтой жирэмсэн байсан Хизер Мак болон түүний 21 настай найз залуу Шейфер нарыг баривчилжээ. Мак ээжийгээ хөнөөхөд тусалсан хэргээр Балид 10 жилийн хорих ялын долоон жилийг эдэлж, 2021 оны аравдугаар сард суллагдаж, нутаг буцсан. Гэсэн хэдий ч тэрбээр 2024 оны нэгдүгээр сард Чикаго хотод ээжийгээ хөнөөхөд тусалж, цогцсыг чемодандаа хийсэн хэргээр гэм буруугаа хүлээснийхээ дараа 26 жилийн хорих ял сонсжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн