Энэтхэгт өнөөдөр (2026.05.26) Япон, Энэтхэг, АНУ, Австралийн “Quad” буюу дөрвөн талт хамтын ажиллагааны гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна. Тэгвэл уулзалтаас өмнөх өдөр Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкатай уулзаж, хоёр орны харилцааг улам бэхжүүлэх тухай хэлэлцжээ.
Мотэги “чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс”-ийг хэрэгжүүлэх хүчин чармайлтад хоёр улс гол хөдөлгөгч хүч болох ёстой хэмээн онцолж, Япон, Энэтхэгийн нягт хамтын ажиллагаа шаардлагатайг тэмдэглэв. Мөн талууд чухал түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, найдвартай байдлыг бэхжүүлэх зэрэг эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг түргэтгэхээр тохиролцжээ.
Мөн Япон, Энэтхэг улс батлан хамгаалах, аюулгүй байдал болон иргэдийн солилцооны салбар дахь хамтын ажиллагааг ахиулах тодорхой алхмууд хийхээ бататгав.
Түүнчлэн сайд нар Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар санал солилцож, Ормузын хоолой дахь аюулгүй навигацийг хангах, эрчим хүч болон чухал түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг баталгаажуулах зэрэг олон асуудалд хамтран ажиллахаа нотлон илэрхийллээ.