Их Британи Йемений хуситуудын пуужин, нисгэгчгүй онгоцны халдлагаас өөрийгөө хамгаалахад нь Саудын Арабт цэргийн хязгаарлагдмал дэмжлэг үзүүлэхээр болжээ. Их Британийн ерөнхий сайд Энди Бернэм НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк руу нисэх үеэрээ энэ талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Тэрбээр Саудын Арабын хүсэлтийг хүлээн авч, Их Британийн Агаарын цэргийн хүчин Саудын Арабын сөнөөгч онгоцнуудад агаарт шатахуун цэнэглэхэд нь дэмжлэг үзүүлэх болсон гэж мэдэгджээ. Энэхүү дэмжлэг нь түр хугацаанд хэрэгжих бөгөөд нөхцөл байдлыг тогтмол хянаж, шаардлагатай эсэхийг дахин үнэлэх аж.
Саудын Араб дахин Йемений хуситуудтай мөргөлдсөний улмаас Их Британиас тусламж хүссэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногт хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэр рүү пуужин болон нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж эхэлжээ.
Тухайлбал, өнгөрсөн Бямба гаригт /2026.09.19/ хуситууд Саудын Арабын нийслэл Эр-Рияд руу пуужин харвасан. Гэсэн хэдий ч Саудын Арабын агаарын довтолгооноос хамгаалах систем уг пуужинг замд нь устгасан байна.
Мөн хуситууд Йемений нутаг дэвсгэрт давшиж, стратегийн ач холбогдолтой Моха боомт болон Улаан тэнгис дэх хэд хэдэн арлыг хяналтдаа авсан. Ингэснээр дэлхийн худалдааны чухал усан зам болох Баб-эль-Мандебын хоолой дахь хөдөлгөөнийг хянах боломж нь нэмэгдэж байгаа юм. Баб-эль-Мандебын хоолойгоор дэлхийн нийт худалдааны бараг 12 хувь нь ердийн үед дамжин өнгөрдөг байна.
Ерөнхий сайд Бернэм “Их Британи Саудын Арабт дэмжлэг үзүүлж байгаа нь зөвхөн тус улсын аюулгүй байдлыг хамгаалах бус, бүс нутгийн тогтвортой байдал болон газрын тосны тээвэрлэлтийг хэвийн байлгах зорилготой” гэж тайлбарлажээ.
Гэхдээ Их Британийн цэргийн оролцоо хуситуудын эсрэг довтолгоонд оролцохгүй, зөвхөн Саудын Арабын нутаг дэвсгэрийг пуужин болон нисгэгчгүй онгоцны халдлагаас хамгаалж буй нисэх хүчний ажиллагааг дэмжих юм.
Их Британийн талын мэдээлснээр, шинэ тохиролцоо ойрын өдрүүдэд хэрэгжиж эхлэх бөгөөд Агаарын цэргийн хүчний “Voyager” шатахуун цэнэглэгч нэг онгоц Саудын Арабын хамгаалалтын ажиллагаанд оролцож буй сөнөөгч онгоцнуудад агаарт шатахуун нийлүүлэх аж.
Их Британи, Саудын Араб олон арван жилийн турш батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж ирсэн. Лондон нь Саудын Арабын томоохон зэвсэг нийлүүлэгчдийн нэг юм.
Мөн Их Британи энэ оны эхээр Саудын Араб руу “Sky Sabre” агаарын довтолгооноос хамгаалах систем байршуулсан. Тухайн үед уг системийг АНУ, Израилын Ираны эсрэг явуулсан дайны үеэр Ираны пуужингийн халдлагаас Саудын Арабыг хамгаалахад ашиглахаар илгээсэн байна.
