Японы Фүкүшима мужийн Корияма хотын орон сууцны хороолол, цэцэрлэгт хүрээлэн дотор ойрын өдрүүдэд хоёр ч удаа баавгай харагдсан тухай цагдаа нар мэдээллээ. Тухайлбал, Мягмар гаригийн өглөө 07:30 цагийн орчимд Ошима Фүрэй плаза цэцэрлэгт хүрээлэнд харагдсан баавгай ойролцоогоор 1.5 метр өндөр байжээ.
Цагдаа нар баавгай үзэгдсэн цэцэрлэгт хүрээлэнд хоёр хавх байрлуулсан бөгөөд иргэд олон нийтийг болгоомжтой байхыг уриалж байна. Мөн хотын албан тушаалтнууд, цагдаагийн ажилтнууд, анчид зэрэг 50 орчим хүн цэцэрлэгт хүрээлэн болон түүний ойр орчимд эргүүл хийж, баавгайг хайж байна.
Дашрамд дурдахад, 2025 он Японы хувьд баавгайн дайралтын тоо ер бусаар ихэссэн, үндэстний хэмжээнд хор хохирол учруулсан жил байсан. Тийм ч учраас япончууд 2025 оныг хамгийн сайн төлөөлөх ханзаар “баавгай” гэдэг ханзыг хүртэл сонгосон.
Баавгайнууд суурьшлын бүсэд орж ирсэн, хүн рүү дайрсан хэд хэдэн хэрэг гарсан учир Японы засгийн газар зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал, баавгайг айлгах зорилготой робот чоно байршуулах, баавгайн анчидтай хамтарч ажиллах, улсын төсөвтөө баавгайтай тэмцэх зардлыг тусгах зэрэг арга хэмжээ авчээ.