ЛОНДОН, 2026 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадаж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөдөлгөөн багассантай холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ есдүгээр сарын 9-ний өглөө дөрөв дэх арилжаа дараалан өсжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, арилжаа эхлэхэд “Brent” маркийн газрын тосны фьючерс үнэ 1.57 ам.доллар буюу 1.6 хувиар өсөж, нэг торх нь 99.49 ам.долларт хүрсэн бол Америкийн “West Texas Intermediate” (WTI) маркийн газрын тосны үнэ нэг торх нь 94.63 ам.долларт хүрч, 1.60 ам.доллар буюу 1.72 хувиар өссөн байна.
Газрын тосны үнэ ийнхүү өсөхөд Ойрх Дорнодын нөхцөл байдал нөлөөлжээ. Түүнчлэн тус бүс нутгаас газрын тос нийлүүлэхэд саатал үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол зах зээлд нэмж дарамт үзүүлж байна.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх ачааны хөлөг онгоцны хөдөлгөөн сүүлийн арван өдрийн дунджаас догуур түвшинд хэвээр байна. Мягмар гарагт уг хоолойгоор зургаан ачааны хөлөг өнгөрсөн нь өдөрт дунджаар 12 хөлөг онгоц дамжин өнгөрдөг үзүүлэлтээс хоёр дахин бага байна.
Даваа гаргийн арилжаа хаагдах үед “Brent” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 97.92 ам.доллар, WTI маркийн газрын тосны үнэ 93.03 ам.долларт хүрсэн нь “Brent” долоодугаар сараас, “WTI”-гийн хувьд зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
