Хойд Солонгосын “Naegohyang” эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клуб энэ сард Өмнөд Солонгосын Сувон хотод болох Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аваргуудын лигт оролцоно. Азийн эмэгтэйчүүдийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд тооцогдох уг тэмцээн тавдугаар сарын 17-24-ний хооронд үргэлжилнэ.
Тэгвэл энэхүү тэмцээний хагас шигшээд хоёр Солонгосын баг учраа таарах ховор боломж бүрджээ.
Солонгосын хөлбөмбөгийн холбооны өнөөдөр /2026.05.04/ мэдэгдсэнээр Сувон хот руу явах Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 39 хүнтэй. Үүнд 27 тоглогч, 12 туслах ажилтан багтжээ. Пёньян хотод 2012 онд байгуулагдсан “Naegohyang” эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клуб нь 2021–22 оны улиралд Хойд Солонгосын дээд лигт түрүүлснээр олны анхааралд өртөж эхэлсэн. Тус багийн бүрэлдэхүүнд “U-17” болон “U-20” ДАШТ-д түрүүлж байсан туршлагатай тоглогч хэд хэд бий.
Тэмцээний хагас шигшээд хожигдсон багууд тавдугаар сарын 21-нд нутаг буцна. Харин финалын тоглолт тавдугаар сарын 23-ний 14:00 цагт болно.