Атлетико vs Арсенал: Торгуулийн цохилтоор хайнцлаа

МАДРИД, 2026 оны дөрөвдүгээр сарын 30. /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Испанийн “Атлетико” багийн хөлбөмбөгчид өөрийн талбайд Английн “Арсенал” багтай 1:1 харьцаагаар тэнцлээ.

“Арсенал”-ын Виктор Дьёкереш тоглолтын 44 дэх минутанд, “Атлетико”-гийн Хулиан Альварес 56 дахь минутанд 11 м-ийн торгуулийн цохилтоор гоол оруулсан байна. Тоглолтын 81 дэх минутанд шүүгч Данни Маккели “Атлетико”-гийн хаалганд пенальти заасан боловч VAR системийн бичлэгийг үзсэний дараа шийдвэрээ цуцалжээ.

Альваресийн хувьд тэрбээр Аваргуудийн лигийн тэмцээнд 25 дахь гоолоо орууллаа. Өмнөд Америкийн тоглогчдоос хамгийн богино хугацаанд буюу 41 тоглолтод оролцохдоо тэрбээр ийм амжилт үзүүлсэн байна. Өмнө нь “Алтан бөмбөг”-ийн 8 удаагийн эзэн Л.Месси 42 тоглолтод оролцохдоо мөн тооны гоол оруулсан юм.

Харин “Арсенал”-ын Виктор Дьекереш Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод гоол оруулсан анхны швед тоглогч боллоо.

“Арсенал”, “Атлетико” багууд Европын цомын тэмцээнүүдэд 3 дахь удаагаа учраа таарсан нь энэ юм. Өмнө нь 2017/18 оны улиралд Европын лигийн хагас шигшээд тоглосон бөгөөд хоёр тоглолтын нийлбэрээр /1:1, 1:0/ Испанийн баг хожин финалд үлдэж, улмаар аваргалж байжээ.

Хоёр багийн хариу тоглолт тавдугаар сарын 5-нд Лондонд болох бөгөөд хоёр тоглолтын нийлбэрээр ялсан нь ПСЖ, Бавариа багуудын хожсонтой нь аваргын төлөө тоглоно.

Финалын тоглолт тавдугаар сарын 30-нд Будапешт хотод болно.

Аваргуудын лигт хамгийн олон удаа түрүүлсэн баг бол Испанийн “Реал Мадрид” /15 удаа/ юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн