МАСКАТ, 2026 оны наймдугаар сарын 16 /Kazinform/. Ормузын хоолойн асуудлаар Иран, Оманы хооронд болж буй хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарч, зөвлөлдөөн “бүтээлч уур амьсгалд” үргэлжилж байна гэж Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи мэдэгдлээ.
Түүний хэлснээр, хоёр тал Ормузаар дамжих далайн тээврийн чиглэлийг тодорхойлох газрын зургийн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ хамтарсан мэдэгдэл хийхтэй холбоотой техникийн асуудлуудыг талууд зөвшилцөж байгаа ажээ. И.Багаи мэдэгдэхдээ хэлэлцээний үйл явцад саад учруулж байна хэмээн Вашингтоныг буруутгасан байна.
Ормузын хоолойн эргэн тойронд түгшүүртэй байдал үүсээд буй энэ үед Иран, Оманы хооронд хэлэлцээ явагдаж байгаа юм. Техран өмнө нь мэдэгдэхдээ, тус хоолойг бүрэн нээхийн тулд АНУ хэд хэдэн болзол нөхцлийг биелүүлэх ёстой гэж байв.
Ираны Гадаад харилцааны дэд сайд Казем Гарибабади мэдэгдэхдээ, Омантай хийж хэлэлцээ дуусах шатандаа орсон бөгөөд хоёроос дөрвөн сарын хугацаанд үйлчлэх түр маршрутыг бий болгох асуудлыг талууд хэлэлцэж байна гэжээ. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдэгдэхдээ, Техран, Маскат хоёр далайн тээврийн шинэ дэг журмын талаар гэрээ байгуулахад ойрхон байна, гэхдээ Ормузын хоолойг нээх эсэх нь Ираны тавьсан болзлуудыг АНУ биелүүлэхээс шалтгаална гэв.
Харин өчигдөр Ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр хэмээн зарлах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ тохиолдолд Америкийн цэргийг тус бүс нутагт хугацаагүйгээр байрлуулахад хүрнэ.