Хамгийн залуу улс төрийн хоригдол

Арсений Турбин 2023 онд 15 настайдаа баривчлагдаж, ОХУ-ын хамгийн залуу улс төрийн хоригдлуудын нэг болжээ. Ухаалаг, бодлоготой, шудрага нэгэн гэж багш нартаа магтуулж байсан тэрбээр өөрөө няцааж байгаа ч терроризмтой холбоотой хэргээр таван жилийн ял эдэлж байна. Энэ оны эхээр мөрдөн байцаагчид түүний хоригдох хугацааг сунгаж болохуйц шинэ эрүүгийн хэрэг нээсэн байна.

Нобелийн энхтайвны шагналт хүний ​​эрхийн байгууллага болох Мемориалийн мэдэгдснээр, Турбиныг улс төрийн хоригдол гэж тодорхойлсон нь насанд хүрээгүй хүүхдүүдийг улс төрийн сэдэлтэй хэрэгт татагдах хандлага нэмэгдэж байгаатай холбоотой. Гэхдээ энэ бүгд ОХУ 2022 онд Украин руу довтолсноос хойш юм. Мемориалынхан “The Moscow Times” сонинд мэдээлснээр, одоогоор 100 гаруй өсвөр насны хүүхэд ийм хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

“Би хүүхэддээ маш их санаа зовж байна”

ОХУ-ын баруун хэсэгт орших Орёл мужийн Ливны хотод өссөн Турбин нэр хүндтэй Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд (MGIMO) улс төр судлалын чиглэлээр суралцахыг мөрөөддөг байв. Тэрбээр Дубайд төрсөн бөгөөд ээж нь ОХУ-ын бол аав нь АНЭУ-ын иргэн аж. Эцэг эх нь салсны дараа Турбин ээж Ирина Турбинагийн хамт ОХУ-д ирж, амьдрах болжээ.

Турбин арьсны өнгөнөөсөө болж сургууль дээрээ дээрэлхүүлдэг байсан талаар ээж нь ярьжээ. Энэ нь Турбиныг нийгмийн шударга бус байдлын талаар эргэцүүлэн бодож эхлэхэд нөлөөлж, Кремлийг шүүмжлэгч талийгаач Алексей Навальный зэрэг сөрөг хүчний улс төрчдийг дагах шалтгаан болсон байна. Цаг хугацаа өнгөрөх тусам Турбин цахим сүлжээнд улс төрийн талаар илүү нээлттэй үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ. Тэр Вагнерийн хөлсний цэргийн бослого болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Екатерина Дунцова зэрэг үйл явдлын талаар сэтгэгдлээ хуваалцах болсон байна. Гэвч Украины талд тулалдаж буй оросуудын бүлэглэл болох “Оросын эрх чөлөөний легион”-той Турбин 2023 онд холбоо тогтоосноор хууль эрх зүйн асуудалд унажээ. Учир нь Кремль тус бүлгийг террорист байгууллага гэж үздэг. Мөн оны наймдугаар сард ОХУ-ын аюулгүй байдлын хүчнийхэн гэрт нь нэгжлэг хийнэ гэх нэрийдлээр Турбиныг ээж, эмээ, өвөөгийнх нь нүдэн дээр баривчилсан байна. Удалгүй түүний нэр ОХУ-ын “террорист ба хэт даврагчдын” холбооны жагсаалтад орж, тухайн үедээ үүнд багтсан хамгийн залуу хүн болсон байна.

Турбин урьдчилсан хорих ангийн нөхцөл байдал маш хүнд байсан төдийгүй бусад хоригдлуудад зодуулсан талаараа гэрийнхэндээ хэлжээ. Мөн тэнд хоригдох хугацаандаа 17 кг жин хасаж, 52 кг болтлоо турсан байна. Дараа нь шүүх түүнд таван жилийн ял өгснөөр өсвөр насныхны хорих ангид шилжүүлжээ. Тус шоронд эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэсэн байна. Турбины ээж хэвлэлд мэдэгдэхдээ, “Хүүг минь анх хий хоосон буруутгаж ялласан. Одоо дахин хэрэг нэмэх гэж байна. Тэд түүнийг минь туйлд нь хүргэж, амиа хорло алхам хийтэл нь нөлөөлөх юм уу? Би хүүгийнхээ төлөө, түүний амь насных нь төлөө санаа зовж, айж байна. Нөхцөл байдал улам хэрцгий болж байгаа мэт санагдаж байгаа учир аюулгүй байдалд нь санаа зовж байна” гэжээ.

Терроризмын хэрэг

Турбиныг 2023 онд Оросын эрх чөлөөний легионы сайн дурын хүн элсүүлэгч гэх хүнтэй 2023 онд цахимаар харилцсан мессежүүд дээр нь үндэслэн буруутгасан байна. Мөрдөн байцаагчид түүнийг “террорист байгууллагад оролцсон” гэж үзжээ. ОХУ-ын эрх баригчид Украинд дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг, ялангуяа Украины талд байлдаж буй цэргийн нэгжүүдтэй хамтран ажилласан тохиолдолд хатуу шийтгэдэг.

Эрх баригчдын мэдэгдсэнээр, Турбин Оросын эрх чөлөөний легионд элсэх хүсэлтээ имэйлээр илгээсэн бөгөөд үүгээр террорист байгууллагад нэгдэж, дараа нь ашиг сонирхлынх нь төлөө ажилласан гэж хэрэгт нь дурдсан байв. Шүүх дээр Турбин өргөдөл бөглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч дараа нь “айсан” тул зөвхөн мессежээр холбоо барих мэдээллээ илгээсэн гэж мэдүүлжээ. Мөн хэзээ ч хариу аваагүй гэж хэлсэн байна.

Түүний ээжийн хэлснээр, Холбооны аюулгүй байдлын алба хүүгийнх нь байцаалт өгсөн тэмдэглэлийн зарим хэсгийг өөрчилж, бүлэглэлд элсэхээр төлөвлөж байсан мэт харагдуулсан гэж үзэж байгаа аж. ОХУ-ын хэвлэлүүд өмнө нь Украины армийн элсүүлэгч мэт дүр эсгэсэн хуурамч “Telegram” хаягууд байдаг тухай мэдээлж байсан. Эдгээр хаягийг Украинд дэмжлэг үзүүлэхийг хүссэн оросуудыг урхидахад ашигладаг гэж үздэг.

Мөн эрх баригчид Турбиныг ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн ухуулах хуудас тараасан, сөрөг хүчний туг бүхий зураг нийтэлсэн, тавхан дагагчтай жижиг “Telegram” суваг ажиллуулсан гэж буруутгасан байна. Түүний ангийнхан “BBC Russian”-д хэлэхдээ, Турбин Путин, эрх баригч Нэгдсэн Орос нам болон Украины дайныг олон нийтийн өмнө шүүмжилдэг байсан. Гэсэн хэдий ч Оросын эрх чөлөөний легионд элсэх санаатай байсан талаар мэдэхгүй гэжээ.

Хүний эрхийн Мемориал байгууллага хэргийн талаар судлахад Турбин Украин руу явах, тус бүлэгт туслах, эсвэл цэргийн болон төмөр замын байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байсан гэх нотолгоо олдоогүй гэж мэдэгдсэн. Мемориалын шинжээч Татьяна Иванова хэлэхдээ “Бид хэн нэгнийг улс төрийн хоригдол гэж үзэхдээ төр тэдний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дэлхий нийтэд хэлж байгаа хэрэг юм. Ардчилсан улсад ийм хүмүүс шоронд байх ёсгүй” гэжээ. Хэргийн баримтуудыг шалгасны дараа Мемориал байгууллага өсвөр насны хүү үнэхээр Оросын эрх чөлөөний легионд нэгдэж, оролцсон гэдэг нь нотлогдоогүй гэж мэдэгджээ. Мөн тус байгууллага гадаадын иргэн, түүний дотор оросууд Украин улсыг хамгаалах зорилгоор байлдсан тохиолдлыг гэмт хэрэг гэж үзэх ёсгүй гэж мэдэгдсэн байна.

Хоёр дахь эрүүгийн хэрэг

Эрх баригчид энэ оны хоёрдугаар сард Турбины эсрэг шинэ эрүүгийн хэрэг нээжээ. Тэд түүнийг нэгдүгээр сард өсвөр насны хорих ангид болсон үймээнд оролцсон гэж мэдэгдсэн байна. Харин Турбин оролцоогүй гэдгээ мэдэгдэж, тухайн үед амралтын өрөөнд нуугдсан гэж хэлжээ. Түүний дэмжигчид шинэ хэргийг улс төрийн зорилготой, дарамт үзүүлэхийн тулд үүсгэсэн гэж үзэж байна.

Турбины ойр хүмүүсийн хэлснээр, тэр шоронд удаа дараа дарамт, шахалтад орсон байна. Жишээлбэл, 2024 онд Турбин нэг камерынхаа хоригдлуудад зодуулсан гэж мэдээлжээ. Тухайн үед ээждээ захидал илгээхдээ, “Өнөө орой 18:00 цаг өнгөрч байхад толгой руугаа хоёр удаа цохиулсан. Би орон дээрээ хэвтэж байсан. Нөхцөл байдал маш хүнд, ноцтой байна. Гэхдээ би тэсэж гарна” гэжээ.

18 настайдаа хоригдож, 2024 оны наймдугаар сард Орос болон Барууны орнуудын хооронд болсон хоригдол солилцооны үеэр суллагдсан улс төрийн хоригдол асан Кевин Лик өөрт нь ч иймэрхүү явдал тохиолдож байсан гэж хэлжээ. Тэрбээр заримдаа санаатайгаар зөрчил үүсгэхийг оролддог хоёр насанд хүрээгүй хоригдлын хамт нэг камерт хоригддог байсан гэж ярьсан байна. Турбины ээж шинэ хэрэг нь түүний эд зүйлсийн дунд байсан, A.U.E. (“Хоригдлуудын гэмт хэргийн нэгдэл”) гэх хориглосон шоронгийн дэд соёлтой холбоотой тэмдэглэл хөтөлсөн дэвтэртэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Тэр уг дэвтрийг хүүгийнх нь эд зүйлсийн дунд зориуд хийсэн гэж бодож байна.

Шинжээчид ийм аргыг бусад залуу улс төрийн хоригдлуудын эсрэг ч ашиглаж байсан гэж мэдэгджээ. Мөн 16 настайдаа “Minecraft” онлайн тоглоом доторх ФСБ-ийн виртуал барилгыг дэлбэлэх төлөвлөгөө гаргасан гэх зэрэг үйлдлийн улмаас таван жилийн ял авсан Никита Уваров ч “A.U.E.”-тэй холбоотой шинэ хэрэгт холбогдож байжээ. Түүнийг суллагдах хугацаанаас нь ердөө нэг долоо хоногийн өмнө шинэ хэрэг нээсэн байв.

Шинэ хэрэг нээгдсэний дараа Турбиныг урьдчилсан хорих төвд шилжүүлж, ганцаарчилсан хорих ангид хорьжээ. Түүний ээж дараа нь Пермь муж дахь хорих ангийн ойролцоо нүүж ирсэн. Ингэснээр хүүтэйгээ илүү ойрхон уулзах боломжтой болсон байна. Ээж нь сэтгүүлчдэд хэлэхдээ хүү нь өөрийг нь хамгаалж, дэмжиж байгааг мэддэг гэжээ. Мөн түүнийг насанд хүрэгчдийн хорих ангид шилжүүлэх үед хаашаа ч явсан дагаж очно гэж хэлсэн байна. “Тэр намайг ямар их хайрладгийг мэддэг, тэр хайр нь түүнд хүч өгдөг” гэж ээж нь хэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн