Грек улс 15-аас доош насныхны цахим хэрэглээг хязгаарлах төлөвлөгөөгөө зарлалаа. Энэхүү алхам нь залуусын дунд нэмэгдэж буй түгшүүр, нойр, цахим хэрэглээний донтолтыг шийдвэрлэх зорилготой гэж тус улсын ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдэв.
Тэрбээр “Залуу хүмүүс цахим орчин дахь харьцуулалт, янз бүрийн сэтгэгдэл, дарамт шахалтаас үнэхээр залхдаг гэдгээ хэлдэг. Бас хүүхдүүд нь шөнөдөө сайн унтахгүй, сэтгэл нь түгшиж, үргэлж утаснаасаа зүүгддэг гэх эцэг эхчүүд ч байна. Энэ хязгаарлалт хэцүү ч гэлээ зайлшгүй шаардлагатай. Засгийн газар залуу хүмүүсийг урам зориг, мэдлэг, бүтээлч байдлын эх үүсвэр болдог технологиос холдуулах зорилго бол тавиагүй. Гэхдээ зарим аппликейшний донтуулдаг бизнес загвар нь таны гэнэн цайлган сэтгэл, эрх чөлөөг үгүй хийх болно. Хаа нэгтээ зогсох хязгаар хэрэгтэй” гэжээ.
Хязгаарлалт ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Грек улс энэ хязгаарлалтыг бүхэл Европын хэмжээнд ажил хэрэг болгохыг зөвлөж буй. Энэ хүрээнд 15 нас хүрээгүй хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, зургаан сар тутамд хэрэглэгчдийн насыг хянах шаардлага тавьж байна.
Австрали улс өнгөрсөн арванхоёрдугаар сард “TikTok”, “YouTube”, “Snapchat” болон бусад топ платформоос 16-аас доош насныхны бүртгэлийг устгахыг шаардаж, дэлхийд анхдагч болсон. Үүний араас Франц, Австри, Испани зэрэг улс хязгаарлалтад нэгдээд байна. Их Британи, Ирланд, Дани улсууд мөн ижил төстэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна.
Гэвч олон нийтийн сүлжээний компаниуд өөр байр суурьтай байна. Ийм хоригийг хэрэгжүүлэхэд хэцүү, үр дүн муутай, цаашилбал өсвөр насныхныг улам тусгаарлаж ч болзошгүй гэж тэд үзэж буй. “Reddit” л гэхэд Австралийн хоригийг эсэргүүцэн шүүхэд хандаад байна.