Иран улс Ормузын хоолойг бараг хаасан тул дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд ноцтой саатал үүссэн. Улмаар олон орон эдийн засгийн хямралаас зайлсхийхийн тулд стратегийн нөөцөө ашиглаж эхэлжээ. Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) ойролцоогоор 20 хувь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг бөгөөд энэ нь Персийн булангийн орнуудын хувьд далайд гарах цорын ганц гарц юм. Гэвч мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өссөн билээ. Өнгөрсөн долоо хоногт “Brent” нефтийн үнэ баррель нь 100 ам.доллар давсан бөгөөд мөргөлдөөнөөс өмнө нь 65 ам.долларын үнэтэй байв.
Дональд Трампын удирдлага дор АНУ Ормузын хоолойг дахин нээхийг оролдож байна.
Тэрбээр холбоотон орнуудаас газрын тос тээвэрлэдэг танкер хөлөг онгоцнуудыг хамгаалах батлан хамгаалах хүчийг уг хоолой руу илгээхийг хүссэн ч хэн ч зөвшөөрөөгүй. Дараа нь Трамп Иранд 48 цагийн дотор хоолойг нээхгүй бол цахилгаан станцуудыг нь довтолно гэж анхааруулсан. Иран хариуд нь Израиль болон АНУ-ын цэргийн баазуудад цахилгаан нийлүүлдэг бүс нутаг дахь цахилгаан станцуудыг онилно гэж мэдэгдсэн. Мөн өөрийн эрчим хүчний дэд бүтцэд нь халдвал Ормузын хоолойг бүрэн хаана гэж анхааруулсан байна.
Үүний зэрэгцээ Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Ирак, Кувейт зэрэг Персийн булангийн орнууд газрын тосны олборлолтоо бууруулжээ. Учир нь тухайн улс орны эрчим хүчний байгууламжууд сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд халдлагад өртсөн. Энэ нь дэлхийн нийлүүлэлт улам багасах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Трамп Даваа гаригт (2026.03.23) байр сууриа зөөлрүүлж, Ираны цахилгаан станцуудад хийхээр төлөвлөж байсан цохилтоо тав хоногоор түр зогсоож, хэлэлцээ явагдаж байна гэж мэдэгдсэн юм. Гэвч Иран ямар нэг хэлэлцээ хийгдэж байгаа гэх бүх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Энэ нөхцөл байдлын улмаас гуравдугаар сарын 11-нд Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн 32 гишүүн орон стратегийн нөөцөөсөө 400 сая баррель газрын тос гаргахаар тохиролцжээ.
Энэ нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн их хэмжээний нөөц гаргалт болж байна. Орос улс 2022 онд Украинд халдсаны дараа ч тус агентлаг ийм их хэмжээний нөөц гаргаж байгаагүй юм. Тухайн үед дөнгөж 182 сая баррель газрын тос гаргаж байжээ.
СТРАТЕГИЙН НӨӨЦ ГЭЖ ЮУ ВЭ?
Стратегийн газрын тосны нөөц буюу “SPR” нь тухайн улсын засгийн газрын байгууламжид хадгалагддаг түүхий газрын тосны нөөц юм. Энэхүү нөөцийг дайн, эдийн засгийн хямрал зэрэг онцгой байдлын үед ашиглаж болно. Засгийн газрууд нөөцөө дүүргэхийн тулд гол төлөв хувийн компаниудтай байгуулсан гэрээгээр дамжуулан газрын тос худалдаж авдаг. “IEA”-ийн мэдээлснээр, гишүүн орнуудын засгийн газар нь онцгой байдал гарсан үед хэрэглэгдэх 1.2 тэрбум гаруй баррель газрын тос хадгалдаг. Үүнээс гадна хувийн компаниуд 600 сая орчим баррель газрын тос хадгалдаг. Эдгээр нь засгийн газрын өмч биш боловч хямралын үед шаардлагатай бол ашиглах боломжтой. Мөн гишүүн биш улс орон, тухайлбал Хятад улс дотооддоо газрын тосны нөөцтэй байдаг.
АЛЬ УЛС, ОРОН СТРАТЕГИЙН ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦТЭЙ ВЭ?
Хятад
Бээжин “IEA”-ийн гишүүн биш ч гэлээ дэлхийн хамгийн том стратегийн газрын тосны нөөцтэй. Хятадын Экологи, байгаль орчны яамны мэдээлснээр, 2004 оноос эхлэн газрын тосны нөөцөө бүрдүүлж эхэлсэн. Үүний зорилго нь нийлүүлэлтийн эрсдэл, үнийн огцом хэлбэлзлийн нөлөөг дотоодын зах зээлд багасгах явдал юм. Синьхуа агентлагийн 2007 оны мэдээнд дурдсанаар, “Эдгээр баазууд нь 30 хоногийн импорттой тэнцэх буюу ойролцоогоор 10 сая тонн газрын тосны стратегийн нөөцийг хадгалдаг” гэсэн байв.
Энэхүү нөөц нь голчлон Хятадын зүүн болон өмнөд эргийн бүс нутаг болох Шаньдун, Жэжян, Хайнань зэрэг мужид байрладаг. Хятад улс албан ёсоор хэр хэмжээний нөөцтэй гэдгээ зарлаагүй. Гэхдээ 2025 оны сүүл гэхэд хуурай газрын агуулахуудад нь ойролцоогоор 1.13 тэрбум баррель газрын тос хадгалагдаж байсан гэж шинжээчид тооцоолсон байна.
Мөн онд Хятад улс Ираны экспортолсон газрын тосны 80 гаруй хувийг худалдан авч байжээ.
Харин Ирантай холбоотой мөргөлдөөн хурцадсантай холбоотойгоор “Sinopec” зэрэг Хятадын компаниуд улсын нөөцөөс тос ашиглах зөвшөөрөл хүсэж эхэлсэн байна. Тус компанийн ерөнхийлөгч Жао Дон хэлэхдээ, Ираны газрын тосыг худалдан авахаа зогсоосон. Мөн засгийн газраас шаардлагатай үед шатахуун үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
АНУ
АНУ нь дэлхийн хамгийн том онцгой байдлын үед ашиглагдах нөөцтэй орнуудын нэг бөгөөд ойролцоогоор 415 сая баррель газрын тостой. Үүнийг АНУ-ын Эрчим хүчний яам удирддаг. АНУ дэлхийн зах зээлийг тогтворжуулахын тулд “IEA”-тай хамтарсан хүчин чармайлтын хүрээнд энэ жил 172 сая баррель газрын тос гаргана гэж мэдэгджээ. Саяхан Дональд Трампын засаг захиргаа мөн нөөцөөсөө 45.2 сая баррель газрын тосыг компаниудад зээлдүүлсэн гэж мэдэгдэв.
1970-аад оны Арабын газрын тосны хоригоос болж тухайн үед бензиний үнэ огцом өсч, АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Үүний дараа Вашингтон стратегийн нөөцөө бүрдүүлж эхэлсэн бөгөөд томоохон боловсруулах болон нефтийн химийн үйлдвэрүүдийн ойролцоо хадгалдаг. Одоо тус улс шаардлагатай бол өдөрт 4.4 сая баррель хүртэлх газрын тосыг гадаадын улс орон руу тээвэрлэх боломжтой.
Ройтерс агентлагийн тооцоолсноор, АНУ-ын нөөц нь газрын тосны импортын 200 орчим хоногийн хэрэгцээг хангах боломжтой.
Тус улс гол төлөв дайны үеэр эсвэл Мексикийн булангийн дагуух газрын тосны дэд бүтцэд хар салхи цохилт өгөх үед зах зээлийг тайвшруулахын тулд нөөцөө ашигладаг. 2024 оны гуравдугаар сард ерөнхийлөгч асан Жо Байден Орос улс Украинд халдсаны дараа газрын тосны үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамтыг бууруулахын тулд нөөцөөс газрын тос гаргаж байжээ.
Япон
Япон улс “IEA”-ийн гишүүн бөгөөд дэлхийн хамгийн том стратегийн газрын тосны нөөцтэй орнуудын нэг юм. 2025 оны эцсийн байдлаар Япон улс ойролцоогоор 470 сая баррель газрын тосны нөөцтэй байсан. Энэ нь дотоодын хэрэгцээгээ 254 хоног хангах хэмжээ юм. Үүний 146 хоногийн нөөцийг засгийн газар, 101 хоногийн нөөцийг хувийн компаниуд хариуцдаг. Үлдсэн хэсгийг нефть олборлогч орнуудтай хамтран хадгалдаг.
Япон улс 1978 онд газрын тосны нөөцийн системээ байгуулсан. Энэ нь 1973 оны газрын тосны хямралын дараа эрчим хүчний хангамжид гадаадаас хэт хамааралтай байгаагаа ойлгосонтой холбоотой. Гэсэн хэдий ч Япон улс одоог хүртэл эрчим хүчнийхээ 80 орчим хувийг гадаадаас импортолдог. Тус улсын газрын тосны нөөцүүд нь далайн эргийн агуулахуудад байрладаг бөгөөд томоохон баазуудын нэг нь Кагошима муж дахь Шибуши бааз юм. Ормузын хоолой хаагдсанаас үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хямралын улмаас Япон улс гуравдугаар сарын 16-наас нөөцөөсөө газрын тос гаргаж эхэлсэн.
Тус улсын ерөнхий сайд Санаэ Такаичи нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 80 сая баррель газрын тос гаргана гэж мэдэгдсэн байна.
Их Британи
Тус улс нийлүүлэлтийн асуудал гарсан үед ашиглах зорилгоор хадгалсан стратегийн газрын тосны нөөцтэй. Хоёрдугаар сарын 26-ны байдлаар Их Британи 38 сая баррель түүхий нефть, 30 сая баррель боловсруулсан түлшний нөөцтэй байна. Энэ нь нийтдээ 90 орчим хоногийн хэрэгцээг хангах хэмжээний гэсэн үг. Их Британи 1974 онд нөөцийн системээ байгуулсан.
Улмаар “IEA”-ийн гишүүн орнууд дор хаяж 90 хоногийн импорттой тэнцэх нөөцтэй байх шаардлагатай гэх дүрмийг дагаж эхэлжээ.
Их Британийн нөөцийн ихэнхийг хувийн компаниуд хадгалдаг боловч засгийн газар хяналт тавьдаг. Гол хадгалах бүс нь Өмнөд Уэльсийн Милфорд Хэйвен болон Английн зүүн хойд хэсгийн Хамбер юм. Ирантай холбоотой дайны улмаас үүссэн дэлхийн эрчим хүчний хямралын хүрээнд Их Британи нөөцөөсөө газрын тос гаргаж байна. Тус улс “IEA”-ийн хамтарсан ажиллагаанд оролцож, 13.5 сая баррель тос гаргахаар төлөвлөжээ.
Европын холбоо
“IEA”-ийн гишүүн Герман, Франц, Испани, Итали зэрэг Европын холбооны гишүүн орнууд мөн стратегийн газрын тосны нөөцтэй. Герман улс засгийн газрын мэдэлдээ 110 сая баррель түүхий нефть, 67 сая баррель бэлэн газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг бөгөөд удахгүй гаргах болно гэж Германы Эдийн засгийн яам мэдэгдэв.
Франц улс 2024 оны эцэст 120 сая баррель түүхий нефть, бэлэн бүтээгдэхүүний нөөцтэй гэж мэдээлсэн нь олон нийтэд нээлттэй хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юм. Үүний 97 сая баррель нь засгийн газрын мандаттай байгууллага болох “SAGESS”-ийн мэдэлд бий. Бусад 30 орчим хувь нь түүхий нефть, 50 хувь нь бензин тос, 9 хувь нь бензин, 7.8 хувь нь тийрэлтэт түлш, зарим нь халаалтын тос юм. Өөр 39 сая баррель нь тус улсын газрын тосны операторуудын мэдэлд байна.
Испани улс энэ сарын 16-нд Ормузын хоолой хаагдсанаас үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдолыг арилгахын тулд 90 хоногийн хугацаанд 11.5 сая баррель газрын тосны нөөц гаргах болсон гэж Эрчим хүчний сайд Сара Аагесен сэтгүүлчдэд мэдэгдсэн. Энэ бол тус улсын “IEA”-ийн гаргасан шийдвэрт оруулсан хувь нэмэр юм. Тус улс нийт 150 орчим сая баррель түүхий газрын тосны нөөцтэй.
Харин Итали улс 2024 онд хуулиар 76 сая баррель газрын тосны нөөцтэй байсан нь дундаж цэвэр газрын тосны импортын 90 хоногтой тэнцэж байна.