Газар хөдлөлтөөс 3 хоногийн дараа 84 настай эмэгтэйг нуранги доороос аврав

Индонез улсад наймдугаар сарын 15-ны өдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноор дор хаяж 73 хүн амиа алдаад буй. Мөн 900 гаруй хүн гэмтэж бэртэж, 60 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Тэгвэл газар хөдлөлтөөс хойш гурав хоногийн дараа 84 настай эмэгтэйг нуранги доороос эсэн мэнд гаргаж ирж чаджээ. Паулина Поби гэх эмэгтэй Нитунглеа тосгонд амьдардаг. Гэтэл тус тосгон руу хүрэх зам хөрсний гулгалтаас болж хаагдаад байсан тул Паулина Поби наймдугаар сарын 18-ны өдрийг хүртэл тусламж авч чадалгүй нуранги дор байжээ. Одоо түүний биеийн байдал сайн, хэдэн өдөр юу ч идэж уугаагүй учир сульдаж ядарснаас бусдаар дажгүй байгааг орон нутгийн албан тушаалтан хэлжээ.

Мөн энэ тохиолдлыг үнэн гэхэд итгэмээргүй, ид шид мэт санагдаж байна гэв.

Газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн дэлгүүр хоршоо, шатахуун түгээх станцууд болон бусад худалдаа, үйлчилгээний газрууд эргэн нээгдэж эхэлжээ. Гэсэн ч хотын гудамж талбай нуранги, хог хаягдлаар дүүрсэн хэвээр байгаа тул аврагчид болзошгүй хохирогчдыг хайсаар байна.

Эхний газар хөдлөлтөөс хойш 3000 гаруй чичиргээ мэдрэгджээ. Үүнээс 86 орчим нь хүмүүст илт мэдрэгдэхүйц хүчтэй байсан аж. Нүүлгэн шилжүүлсэн иргэд дахин газар хөдлөхөөс эмээж байгаа тул гэртээ эргэж очиж чадахгүй хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн