Фүкүшимагийн аюултай хог хаягдлыг робот цэвэрлэнэ

Фүкүшимагийн атомын станцын доторх цацраг идэвхт хог хаягдлаас гурав дахь удаагийн дээж авах ажлыг робот гар хариуцах болжээ. “Tokyo Electric Power Company” буюу “TEPCO” энэ Пүрэв гаригт /2026.02.26/ тэрхүү могой хэлбэрт төхөөрөмжийг танилцуулсан байна.

Цунамийн аюулд нэрвэгдсэн Фүкүшимагийн атомын станцаас хайлсан түлш болон бусад хог хаягдлыг зайлуулах ажилд цацрагийн аюултай түвшин саад болдог. 2011 оны гуравдугаар сарын 11-нд 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг байсан. Энэхүү гамшигаас болж дэлхийн хамгийн аймшигтай цөмийн осол болсон ба ослын уршигаар станцын дотор 880 орчим тонн аюултай хог хаягдал үлджээ.

“TEPCO”-ийн танилцуулсан дөрвөн минутын дүрс бичлэгт дурдсанаар робот гар нь 22 метр урт, 4.6 тонн жинтэй. Тэрхүү робот гар нь жижиг хонгил шиг гарцаар дамжин, хязгаарлагдмал орон зайд нарийн төвөгтэй үйлдлүүдийг хийх юм. Мөн тус роботод камер суурилуулсан учир өмнөх төхөөрөмжүүдийг бодвол илүү үр ашигтай ажиллах боломжтой.

Гурав дахь удаагийн дээж авах ажлыг энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Цацраг идэвхт материалын дээжийг тусгай багаж ашиглан туршилтын төслийн хүрээнд хоёр удаа цуглуулсан. Ингэхдээ маш бага хэмжээний дээж цуглуулсан аж.

Дашрамд дурдахад, хог хаягдлыг бүрэн зайлуулах томоохон ажиллагааг анх 2037 онд гэж төлөвлөж байсан ч энэ хугацаа ахин хойшилж, 2030 он болсон бололтой.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн