Меланиа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргална

Меланиа Трамп ирэх Даваа гаригт /2026.03.02/ болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргална. Гишүүн орнууд Аюулгүйн зөвлөлийг сар сараар ээлжлэн даргалдаг бөгөөд ирэх сард АНУ-ын ээлж тохиож буй юм. Мэдэгдэлд дурдсанаар, Меланиа Трамп “Боловсрол бол хүлээцтэй байдлыг бий болгож, дэлхийн энх тайвныг дэмжих хэрэгсэл” гэсэн мессежийг хүргэхээр төлөвлөж байна.

Энэ удаагийн Аюулгүйн зөвлөлийн хуралдаан “Зөрчилдөөн дундах хүүхэд, технологи, боловсрол” сэдвээр явагдана.

Цагаан ордон мэдэгдэл хийхдээ “АНУ-ын тэргүүн хатагтай анх удаа Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж байна. Гишүүн орнууд боловсрол, технологи, энх тайван, аюулгүй байдлын асуудлыг авч үзэх болно” гэжээ. Хуралдаанд НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч Майк Вальц мөн оролцоно.

Меланиа Трамп Орос руу албадан гаргасан украин хүүхдүүдийг эргүүлэн авчрах асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна. Түүний дэмжлэгтэйгээр зарим хүүхэд эх орондоо ээж аавдаа эргэн ирсэн гэж тэр өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байв.

Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг ихэвчлэн НҮБ-ын элчин сайдууд юм уу засгийн газрын тэргүүлэх албан тушаалтнууд даргалдаг. НҮБ-д нөлөө бүхий албан тушаал хашиж байсан Элеонор Рузвельт зэрэг тэргүүн хатагтай нар хүртэл хуралдааныг даргалж байгаагүй. Тэгвэл энэ удаад Дональд Трамп НҮБ-тай арсалдах болсон эмзэг цаг үед Меланиа Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалах болж байна. Трамп НҮБ-ыг үр ашиггүй байгууллага гэж нэрлэж, өөрчлөлт хийхийг уриалах болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн