Дэлхий даяар 180 сая хүүхэд хэт таргалалттай байна гэх тайланг Дэлхийн таргалалтын холбоо өнгөрсөн онд танилцуулж байлаа. Эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол энэ тоо 2040 он гэхэд 220 сая хүрч өснө гэдгийг тус холбоо сүүлийн тайландаа дурджээ. Тодруулбал, 2040 он гэхэд дэлхий даяар байгаа 5-19 насны 227 сая хүүхэд хэт таргалалттай, хагас тэрбум гаруй хүүхэд илүүдэл жинтэй болсон байхыг анхааруулж байна.
2026 оны дэлхийн таргалалтын атласын дагуу сургуулийн насны дор хаяж 120 сая хүүхэд биеийн жингийн индекс өндөр байгаагаас үүдэлтэй архаг өвчний эрт үеийн шинж тэмдэгтэй болно гэсэн үг. Үүнд, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх шинж тэмдэг багтана.
Хүний биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш байвал хэт таргалалттайд тооцогддог. Энэ нь эмнэл зүйн ангиллаар илүү ноцтой хувилбарт тооцогдоно. Харин биеийн жингийн индекс 25 ба түүнээс дээш бол илүүдэл жинтэйд тооцогддог.
Дэлхий даяар хүүхдийн таргалалт нэмэгдэж байгаа нь энэ асуудлыг ноцтой авч хэлэлцээгүйн илрэл гэдгийг Дэлхийн таргалалтын холбооны гүйцэтгэх захирал Йоханна Ралстон хэлж байна.
Тайланд дурдсанаар АНУ даяар биеийн жингийн индекс өндөр 27 сая хүүхэд, Хятадад 62 сая, Энэтхэгт 41 сая хүүхэд тус тус байна. Энэ нь АНУ-ын таван хүүхэд тутмын хоёр нь таргалалттай эсвэл илүүдэл жинтэй гэсэн үг юм. Харин Их Британид биеийн жингийн индекс өндөр 3.8 сая хүүхэд байна. Энэ нь АНУ, Хятад, Энэтхэгтэй харьцуулахад бага тоо боловч Европтоо хамгийн өндөр үзүүлэлтэд орно.
Дэлхийн таргалалтын холбооны гаргасан тайлан өөр нэгэн зүйлийг ялгаруулж гаргаж ирсэн нь бүс нутгийн тэгш бус байдал. Сургуулийн насны хүүхдүүдийнх нь талаас илүү хувь нь илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттайд тооцогдож буй 10 улсын ихэнх нь Америк болон Номхон далайн баруун бүс нутагт байна. Тэр дундаа таргалалтын түвшин хамгийн хурдацтай өсч байгаа нь голчлон бага, дунд орлоготой орнууд байна.
Чихрийн татвар, хортой хүнсний сурталчилгааны хязгаарлалт, хүүхдүүдийг илүү идэвхтэй амьдрахад нь туслах бодлого зэрэг нь хүүхдийн таргалалттай тэмцэх чухал арга хэмжээ юм. Эдгээр арга хэмжээг сайн дурын үндсэн дээр бус заавал хийх ажил болгох ёстойг мэргэжилтнүүд зөвлөж байна. Их Британи улсад л гэхэд телевиз болон цахим орчинд хүүхдэд хортой хүнсний бүтээгдэхүүн сурталчлахад тодорхой цагийн хязгаарлалт тавьжээ. Үүний зэрэгцээ сургуулиудын ойролцоо түргэн хоолны газар нээхгүй байх санаачлагыг гаргаад байна.