Цагаач эмэгтэйчүүд Оросын армийн хүн хүчний хомсдолыг нөхөж эхлэв

Оросын арми хүн хүчний хомсдолд орсон тул гадаад, тэр дундаа Төв Азиас ирсэн цагаачдыг эгнээндээ нэгтгэх болсон тухай мэдээ үе үе гардаг. Тэгвэл армийн хомсдолыг нөхөх дараагийн эздээр цагаач эмэгтэйчүүд тодорчээ. Узбекистаны хүний ​​эрхийн “Эзгилик” байгууллагын мэдээлснээр Оросын засгийн газар шоронд ял эдэлж буй цагаач эмэгтэйчүүдийн ар гэр рүү захидал бичиж, нэг жилийн цэргийн албыг хоёр сая рублиэр цалинжуулах санал тавьсан байна.

ОХУ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эмэгтэйчүүдийг Украин руу цэргийн янз бүрийн албан тушаалд илгээж байна. Анх бүрэн хэмжээний дайн эхлэхэд л хэчнээн мянган эмэгтэй алба хаагч Оросын армийн бүрэлдэхүүнд багтсан байсан. Харин мөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарлахад анагаахын боловсролтой цөөн тооны эмэгтэйчүүдийг цэрэгт татжээ.

Улмаар 2023 оноос эмэгтэйчүүдийг армид элсүүлэх хүчин чармайлт идэвхжиж эхэлжээ. Энэ хүрээнд тогооч, эмч зэрэг дэмжлэгийн үүрэгтэй алба хаагчдыг эрэлхийлсний зэрэгцээ Батлан ​​​​хамгаалах яамны хяналтад байдаг хөлсний цэргийн бүлэг болох “Редутын Борз” батальоны эмэгтэйчүүдийг мэргэн бууч, нисгэгчгүй онгоцны оператороор ажиллуулж эхэлсэн байна. Тухайн жилдээ ОХУ эмэгтэйчүүдийн шоронгоос цэргүүдийг элсүүлж эхэлсэн.

Гэвч өдгөө энэ хүчин чармайлт зөвхөн орос эмэгтэйчүүдээр хязгаарлагдахаа болисныг “Moscow times” мэдээлж байна.

ОХУ хэдийгээр эмэгтэйчүүдийг дайнд татан оролцуулсан ч гэлээ үүнийгээ ил тод сурталчилсан нь ховор. Үүгээрээ Украинаас ялгарна. Украины хувьд армийн бүх л албан үүргийг эмэгтэйчүүдэд нээлттэй болгож, үүнийгээ эмэгтэйчүүдийн хувь нэмэр, үүрэг оролцоог хангасан үйлдэл гэж бахархдаг.

Өдгөө Оросын армид эмэгтэйчүүд харьяалагдаж буй нь нэг талаасаа Путины үзэл бодолтой зөрчилдөнө. Путин Оросыг консерватив үнэт зүйлсийн цайз гэж харуулахыг хүсдэг. Төгс Орос улсад цэргийн алба л жинхэнэ эрчүүдийг бий болгодог гэж тэр үздэг. Ялангуяа жинхэнэ дайны цагт.

Гэтэл ЗХУ дэлхийн хоёрдугаар дайны үед бусад аль ч улсаас илүү олон эмэгтэйг цэргийн албанд ашигласан байдаг. Тухайн үед сувилагч, тогооч, бичиг хэргийн ажилтан зэргээр эмэгтэйчүүд дэмжлэгийн үүрэг гүйцэтгэхээс гадна танк жолоодож, пулемёт галлаж, мэргэн буудаж, онгоц нисгэж, эзлэгдсэн нутаг дэвсгэрт партизан бүлэглэлийн гишүүнээр хүртэл ажиллаж байжээ. Нэг сая гаруй эмэгтэй Зөвлөлтийн нацистуудын эсрэг дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг.

Цагаач эмэгтэйчүүд Оросын армийн хүн хүчний хомсдолыг нөхөж эхлэв

Гэвч дайны дараа тэднийг төдийлөн өндрөөр үнэлэлгүй хаясан гэхэд хилсдэхгүй. Тэднийг энгийн амьдралдаа эргэн орсон хойноо дайны үеийн амжилтаараа сайрхаж нөхрөө ичээхгүй байхыг тушаасан гэдэг.

Дараа нь Хүйтэн дайны туршид Зөвлөлтийн зэвсэгт хүчин бараг зөвхөн эрчүүдээс бүрдсэн. Энэ үед эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр армид элсэхийг зөвшөөрдөг байсан ч өсч дэвжих боломж бага, 45 насандаа заавал тэтгэвэрт гарах ёстой байжээ.

Эмэгтэйчүүд ЗХУ-ын зэвсэгт хүчинд олон тоогоороо дахин элсэх болсон нь Горбачевын үеийн цэрэг татлагын систем нуран унасны дараа юм. Арми доторх бүтцийн асуудлууд ил тод болж, тэр дундаа дээрэлхэлтийн харгис тогтолцоо нь илчлэгдсэнээр залуу эрчүүд цэрэгт явахаас зайлсхийх болсон. Энэ цоорхойг нөхөхийн тулд сайн дурын буюу гэрээт цэргийн албанд найдаж байв. Мөн зах зээлийн эдийн засагт тогтвортой ажил олж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд боломж олгосон юм.

1990, 2000-аад оны эхэн үед Оросын зэвсэгт хүчинд 100 мянга гаруй эмэгтэй алба хаагч байжээ. Энэ нь нийт бие бүрэлдэхүүний 10 орчим хувийг эзэлж байсан. Батлан хамгаалах яам тэднийг тогтвор суурьшилтай байлгах, ажлын нөхцлийг нь сэтгэл татам байлгах, карьерын боломж бүрдүүлэх тал дээр юу ч хийгээгүй. Тэр бүү хэл нэмэлтээр эмэгтэй цэрэг татахад чиглэсэн кампанит ажил, сурталчилгаа ч явуулаагүй. Үүний үр дүнд 2020-иод оны эхээр эмэгтэй алба хаагчдын тоо хэд дахин буурчээ.

Өдгөө Төв Азийн цагаачдыг оролцуулаад Оросын арми дахь эмэгтэйчүүдийн тоо бага зэрэг нэмэгдэж байна.

Харамсалтай нь ОХУ энэ дайнд цэргүүдээ төдийлөн үнэ цэнтэйд тооцохгүй байгаа бололтой. Тэднийг нэг удаагийн, бага үнэ цэнтэй хөрөнгө гэж үзэж байгааг “Moscow times” мэдээлжээ. Украины дайнд амь үрэгдсэн, шархадсан нийт орос цэргийн тоог хэдийнэ нэг сая давсан гэж үздэг.

Шинэ цэргүүд болон тэдний гэр бүлд санал болгож буй өндөр цалин, урамшуулал, өгөөмөр хангамжууд хүртэл тэднийг хангалттай татахгүй байна. Иймд дотооддоо дахин дахин дайчилгаа зарлаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэхгүйн тулд Кремль Гана, Кени зэрэг 120 гаруй орноос, мөн Куба, Хойд Солонгос, Хятад зэрэг холбоотнуудаас цэрэг татаж байна. Хэвлэлд мэдээлж буйгаар гадаад цэргүүдийн олонх нь Орост байлдахаар бус, харин энгийн иргэний салбарт өндөр цалинтай ажил хийхээр ирж байна гэж өөрсдийгөө бодсон байдаг.

Оросын армийн бүрэлдэхүүнд Төв Азийн эмэгтэйчүүд багтах болсон нь ОХУ-ын тэнцвэрийн бодлогын нэг илрэл. Оросын удирдагчид ялалтад хүрэх хүртлээ дайны хүчин чармайлтаа саадгүй, удаан хугацаанд үргэлжлүүлэх чадвартай гэсэн сэтгэгдлийг олон нийтэд тасралтгүй төрүүлэх сонирхолтой байна. Украинд ялалтын хөзөр байхгүй гэж Трамп байнга мэдэгддэгээс үзвэл Путин түүнийг үнэмшүүлж чадсан аж.

Бодит байдал дээр Оросын армийг эх оронч үзэлтэй залуус л бүрдүүлж байна уу гэвэл үгүй. Найдвартай цалин, тэтгэмжийн төлөө амиа эрсдэлд оруулахад бэлэн гадаадын иргэд, хоригдлууд, ахмад эрчүүд тэнд тулалдаж байна. Тийм учраас ОХУ хэзээ хэзээнийхээс илүү эмэгтэйчүүдэд шинэ найдлага тавьж эхлэв бололтой.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн